МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих "Союз Восток" байгалийн хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж дууссаныг "Газпром" мэдээллээ.
“Алексей Миллер Монгол Улсын шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж, Оросын хийг Хятадад нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан тавих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протоколд гарын үсэг зурлаа” гэж тус компани Telegram хуудсандаа мэдээлсэн байна.
"Союз Восток" нь ОХУ-ын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг юм. ТЭЗҮ-д нь зааснаар, уг хоолойн үргэлжлэх урт 962.9 км, диаметр нь 1400 мм байх бөгөөд шахуургын таван станцтай байхаар төлөвлөгдөж байна гэж "Газпром" мэдээлжээ.
Эх сурвалж: Montsame.mn