Минжийн заставт ажилласан гишүүд ажлаа хэзээ тайлагнах вэ

2022-1-26
2131

Хил хамгаалах байгууллага гэж хаалгаа янгинатал түгжиж, хэвлэлээс “нүүрээ” нуудгаараа мэргэшсэн газар бий. Хэрэвзээ, өөрсдийнх нь эрх ашгийг хөндөх зүйл гарч ирвэл тал нүүр цаасан дээр таван өгүүлбэр бичээд “мэдэгдэл” гэж сүртэй гарчиглан хаалганыхаа завсраар шидчихнэ. Өөр үг үл дуугарна. Тиймээс ч  хилчид амиа алдсан, хэрэг төвөгт орооцолдсон, яргалал амссан асуудал бүр нь тэгэсхийгээд намжчихдаг муу зан сурч. Зөвхөн 2021 онд л гэхэд цэргүүд дарамт шахалтаас болж өөрсдийн амиа егүүтгэх цаашлаад салаан даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг хэд хэд гарлаа. Хилийн цэрэгт алба хааж буй цэрэг юуны улмаас даргынхаа өөдөөс буу шагайсан шалтгаан тодорсонгүй. Мөн хилийн ангид амиа хорлосон тохиолдол шил дараалан гурван ч удаа бүртгэгдэв. Ийм үзэгдэл олон удаа давтагдаж байгаа учраас “Хилчдийг хэн хамгаалах вэ” гэдэг асуулт зөвхөн өнөөдөр биш өнгөрсөн хугацаанд ч мөнхөд хариулт нэхэж ирсэн билээ.

Тэгвэл хаалттай хаалганы цаана хяналт, хариуцлага ямар байгааг хил хамгаалахын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн саяхан өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Тэрбээр эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч цар тахлын өмнө сөхөрчихөөд байгаа цаг үед нэр бүхий УИХ-ын гишүүдтэй нисдэг тэрэг хөлөглөн минжийн хангайгаар хонон өнжин  явж байгаад ирсэн.

Ингэхдээ зөвхөн гишүүдийг зугаалуулаад зогсохгүй хилийн цэргийн чуулгынхаа хэд хэдэн дуучныг ч авч явж аглаг тайгад дуу хуур, хөл хөөр болсон гэх. Гэтэл үүнийх нь уршгаар алс тайгад халдвар дэгдсэн асуудал босч ирсэн ч урьдын уламжлалаараа тэгэсгээд намжиж, дарагдаад өнгөрөх бололтой юм. Уг нь эл үйл явдал болсон эхний өдрөөс хэвлэлүүд барим тавим мэдээллийг гаргаж тавьсан. Энэ сургаар хил хамгаалах байгууллага өнөөх л сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр түшээд биш  жолооч халдвар тараасан гэсэн мэдэгдлээр нүүрээ тахлав. Үнэн хэрэгтээ бодит байдал огт өөр байгаа юм билээ. Бид мэдээллийн мөрөөр УОК, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний албаны хүмүүсээс тодруулсан ч “Мэдэхгүй” гэсэн үгийг бүгд давтав. Харин Минжийн застав явсан гэж зарим мэдээллийн хэрэгсэлээр бичигдээд байгаа гишүүдтэй холбогдох гэсэн ч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Өнөрболор нарын утас нь холбогдох боломжгүй.Харин Ч.Ундрам гишүүн “мессеж роуминг” үйлчилгээ идэвхжүүлсэн байв. 

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын гишүүдийн хамт энэ сарын 7-нд Минжийн застав руу явснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр үед Төрийн ордон цар тахлын халдварын голомт болчихсон байв. Өөрөөр хэлбэл, 7-ны баасан гарагийн чуулганы хуралдаанд “эерэг” гарсан гээд ирээгүй, эмнэлэгт хэвтсэн гишүүд олон байсныг албаны эх сурвалж хэлж байгаа юм.

Тухайн өдрүүдэд Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад 10 хүний долоогоос, 20 хүний 12-13-аас халдвар илэрч байсныг ил тод ярьж байв. Гэтэл халдварын голомт болчихсон бүсээс гишүүдийг нисдэг тэргэнд суулгаж яваад 9-нд буцаж ирсэн. Мөн тэдэнтэй хамт явсан хилийн цэргийн чуулгын дуучнаас эргэж ирснийх нь дараа буюу 12-нд халдвар илэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэвч хилийн цэргийн удирдлагууд дээрх ноцтой үйлдлийг тас нуун гүрийж, дээд шатнаасаа эхлээд маш нарийн нууцалж байна. Минжийн застав бол хэр баргийн хүн хүрэх газар биш. Нэг ёсондоо тэнд хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой учраас халдвар газар авбал учрах эрсдлийг нь хэлж мэдэхгүй.

Болсон үйл явдлын талаар ХХЕГ-аас тодруулахад “Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн. Мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 07-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүдийн хамт Минжийн заставт ажилласан. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан. 

Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 09-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан” гэв.

Тэгвэл цар тахлын давлагаа эхэлсэн эгзэгтэй үед хойшлуулж боломгүй чухал ажлаар минжийн застав явсан бол тэдгээр гишүүд гарч ирж ажлаа тайлагнах ёстой. Тэнд юу болохгүй, бүтэхгүй байна вэ. Ямар гарц шийдэл гаргалгаа харснаа ярина уу, эрхэм гишүүд ээ. Үгүй бол хилийн бүсийг эрсдэлд оруулж халдвар тараасан хардлага, хариуцлага нэхсэн асуулт мөддөө арилахгүй шинжтэй.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.