Даваа гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Германы канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг нартай Украины хилийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Мөн Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель нар мөн цахим ярилцлагад оролцжээ. Энэ ярилцлагынхаа талаар Байден "Маш таатай уулзалт боллоо. Европын бүх удирдагчидтай санал нэг байна" гэж тайлбарлав.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг хэлэлцээрийн дараа Украины эсрэг түрэмгийлэл хийх нь маш их зардал гарах болно гэж Орост анхааруулсан бол Британийн Ерөнхий сайд Жонсон "Оросын дайсагнал өсөн нэмэгдэж буй нөхцөлд олон улсын эв нэгдэл чухал болохыг" тэмдэглэж, Германы канцлер Олаф Шольц мөргөлдөөнийг намжаахын тулд харагдахуйц алхам хийхийг Орост уриалав.
Ерөнхий сайд Жонсон өөрийн орны тагнуулын албанаас түгшүүр төрүүлсэн мэдээллүүд хүлээн авч байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Украины хилийн ойролцоо Оросын 60 орчим байлдааны тусгай бүлэг Киевийг аянгын хурдтайгаар эзлэхэд бэлэн байна.
Жонсон Оросыг ийм алхам хийхээс сэрэмжлүүлсэн бөгөөд үүний үр дүнд хүчирхийлэл, цус урсана гэж мэдэгджээ.
Орос-Украины хилийн орчимд хурцадмал байдал үүсч байгаа энэ үед АНУ 8000 гаруй цэргээ зүүн Европ руу илгээж болзошгүй гэсэн үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна. Гэхдээ одоогоор энэ шийдвэр эцэслэн гараагүй байгаа ч армийг тав хоногийн дотор илгээх боломжтой гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "Энэ нь бид НАТО-гийн өмнө хүлээсэн үүрэгтээ нухацтай хандаж байгаагийн дохиог Путинд өгч байна" гэжээ.
Барууны орнууд сүүлийн үед Орос Украины нутаг дэвсгэрт халдан довтлохоор бэлтгэж байна гэсэн болгоомжлол сэрүүлгийг байнга илэрхийлж буй. Оросын эрх баригчид үүнийг няцааж байгаа ч НАТО-г цаашид зүүн зүгт тэлэх болон Украиныг эгнээндээ элсүүлэхээс татгалзахыг буйг хууль ёсны дагуу шаардаж байгаа юм.
Даваа гарагт НАТО-гийн удирдлага цэргээ бэлэн байдалд оруулж, нэмэлт хөлөг онгоц, сөнөөгч онгоцуудыг Зүүн Европын холбоотнууд руугаа илгээж байгаа нь байдал хурцдаж буйг илтгэж байгаа юм.
Гэхдээ өнөөдөр буюу Лхагва гарагт Орос, Украйн, Франц, Герман улсуудын хэлэлцээр болж, өнөөгийн хямралаас гарах арга замыг эрэлхийлнэ гэж Францбн талаас мэдэгдээд байна.
Францын Ерөнхийлөгчийн туслахын хэлснээр, Эммануэль Макрон "дипломат харилцааны орон зай" үргэлж байх ёстой бөгөөд хурцадмал байдлыг намжаах арга замыг олох ёстой гэдэгт итгэлтэй байна гэжэээ.