Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2022.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиб Улсын тамирчин цөлийн шуурга хочит Сакариа Лукастай хийлээ.
Тэд 57,2 кг-ын жинд, 10 раунд өрсөлдсөн бөгөөд Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болов.
Уг нь Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай өрсөлдөх байсан ч уг тамирчин “Covid-19”-ийн халдвар авсан тул ийнхүү солигдсон юм.
Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.
Харин манай улсын тамирчин мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялаад байна. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долоодугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан юм.
Өнөөдрийн тулаанд МУГТ Н.Төгсцогт эхний үед илт давамгай тулалдсан бол хоёр, гурав, дөрөвдүгээр үед хоёр тамирчин нэгнээ тандсан байдалтай тэнцүү өндөрлөж тавдугаар үед манай тамирчны давуутай өндөрлөсөн бол зургаа долдугаар үед мөн хоёр тамирчин тэнцүүхэн өрсөлдлөө. Харин тулааны найм, есдүгээр үед Сакариа Лукас давуу ажиллаж өндөрлүүллээ. Шийдвэрлэх аравдугаар үед хоёр тамирчин тэнцүүхэн өрсөлдсөнөөр тулаан өндөрлөлөө.
Ингээд шүүгчдийн оноогоор МУГТ Н.Төгсцогт цөлийн шуурга хочит Сакариа Лукастай 10 үеийн турш тулалдаж тэнцлээ.