ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын шинэ хэлэлцээр 1-р сарын 21-ний баасан гарагт Женевт эхэллээ. Тэдний орлогч нар өнгөрсөн долоо хоногт уулзаж хуралдсан ч хэлэлцээр гацаад байгаа юм.
Уулзалтын өмнө Лавров, Блинкен нар орлогч нарынхаа уулзалтаас хэлэлцээрт ахиц дэвшил гарна гэж хүлээгээгүй гэдгээ хэлжээ.
Хоёр дипломатч улс хоорондын санал зөрөлдөөнийг нэг уулзалтаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ тэд уулзаж байгаадаа баяртай байгаа бөгөөд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой гэдээ тэмдэглэв.
Орос-АНУ, Орос-НАТО-гийн уулзалтын дараа Оросын дипломатууд "цэргийн ажиллагаа" хэрэглэх талаар дахин ярьж эхэлжээ. ОХУ Алс Дорнодоос цэргээ шилжүүлэн байршуулж Беларусьт томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийсэн нь Кремль Украины нутаг дэвсгэрт шинэ дайн эхлүүлэх вий гэсэн болгоомжлолыг барууныханд улам бүр нэмэгдүүлээд байна.
Москва Украин руу довтлох бодолгүй байгаа боловч НАТО-г дорно зүг рүү өргөжихийн эсрэг эрх зүйн "төмөр бетон" хуулийн баталгааг хүсч байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт АНУ болон НАТО-гийн албаныхан үүнийг хэлэлцэхээс татгалзсан юм.
Гэвч лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нутаг дэвсгэрт стратегийн зэвсгийг байрлуулахгүй байх талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Киевийг НАТО-д элсүүлэх нь ойрын ирээдүйд боломжгүй.
Орос, АНУ хоёр яриа хэлэлцээнийхээ сэдвээр ч тохиролцож чадахгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ, НАТО-той байгуулах гэрээний төслийг нийтэлж, яаралтай хариу өгөхийг шаардсан. ОХУ-ын зүгээс дараах шаардлагыг тавьж байгаа юм. Үүнд
-НАТО-г зүүн тийш тэлэхээс татгалзах;
-Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг НАТО-д элсүүлэхээс татгалзах, тэдэнтэй цэргийн хамтын ажиллагаа явуулахгүй байх.
-НАТО-гийн цэргүүд 1997 оны байрлал буюу Төв ба Зүүн Европын 14 улс эвсэлд орохоос өмнөх хил хязгаартаа буцаж очих гэсэн үндсэн гурван шаардлага юм.
Гэвч Вашингтон, Брюссель энэ шаардлагаыг НАТО-гийн "Нээлтэй хаалганы" дүрэмтэй зөрчилдөж байгаа тул үүнийг хэлэлцэхээс татгалзаж байна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман “НАТО-д үргэлж нэн чухал байсаар ирсэн "нээлттэй хаалганы" бодлогыг хэнд ч хаахыг бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Украин, Гүрж болон бусад орны бүрэн эрхт байдал, тэдний сонгох эрх чөлөө, тэр дундаа цэргийн эвсэл зэргийг үл тоомсорлож байгаа тул Оросын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тэрээр мөн онцолсон байна.
Тиймээс Төрийн департамент Оросын дипломатуудтай уулзах нь Оросын шаардлагын дараа эхлүүлсэн шинэ үйл явц биш, харин Путин, Байден нарын өнгөрсөн жил тохиролцсон стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээний нэг хэсэг гэж үзэж байна.
Энэхүү яриа хэлэлцээний хүрээнд дэлхий нийтэд танигдсан аюулгүй байдлын арга хэмжээний талаар хэлэлцэхийг хүсч байна, тухайлбал:
-Зэвсгийг хязгаарлах
-Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн зэвсгийн тухай гэрээг үргэлжлүүлэх
-Орос, НАТО-гийн орнуудын хилээс гаднах цэргийн сургуулилтад хяналт тавих,
-Ил тод байдлын арга хэмжээг нэмэгдүүлэх, зөрчлөөс зайлсхийх гэх мэт;
Гэвч Орос улс энэ хандлагыг эрс няцааж, бүх шаардлагадаа нэг дор хариу өгөхийг хүсч байна. Москва зэвсгийн хяналтын асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байхад НАТО татгалзаж, одоо нөхцөл өөрчлөгдсөн гэж Лавров хэлэв. Одоо түүний хэлснээр Оросын шаардлагыг бүхэлд нь хэлэлцэх ёстой бөгөөд тус тусад нь хувааж болохгүй гэжээ.
Эх сурвалж: ВВС