Монгол адуутай монгол уяачид нутаг буцсан МОНГОЛ НААДАМ

2022-1-21
2048
Өнгөрсөн зуны наадмаар Хүй долоо худгийн дэнжид Сүхбаатар аймгаас нэгэн аатай хүрэн даага ирсэн юм аа. Зүүн талд гүйцэгдээгүй сөөнгө даага. Сөөнгө гэдэг нь эхийгээ хөхдөггүй, төрмөл хурдаараа гэсэн үг шүү дээ. Наадмын өмнөх Хүй мандалын дунд, их сунгаанд энэ даага үргэлж өнгөнд байлаа.
 
Ингээд наадам дэлгэр сай­хан эхэллээ. Морьд бүртгүүлэн гарааны зурвас руу хөдөлж байна. Гооногордуухан хүзүү­тэй, цэвэр монгол гэхэд монгол биш, гэтэл өөр цусны гэж хэлэхэд амаргүй. Өнөө Д.Онон манлайн монгол хэлэнд нэвтрүүлсэн шинэ цагийн монгол адуунууд болох баахан даага бүртгэлийг түвэггүйхэн даваад гараа руу хөдөллөө. Мань байтугай маниас цаадах нь “Наадуул чинь цус орчихсон дааганууд байна шүү дээ, цэвэр монгол адуу уралдуулах хууль журам хаачив ийчив” болсон ч үл хэрэгсэв. Монгол наадмын дааганы уралдаан гэдэг даанч нэг сэтгэл хөдөлгөм тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Уралдааны замд анх гарч байгаа тэр жаахан амьтан, дээр нь дарцаглах хүүхэд бүр хөөрхөн, дааган дээрээ навхайчихсан зурхай дээрээс журайтал хөдөлж буй тэр жаахан амьтдыг харсан монгол хүний самсаа шархирахгүй байхын аргагүй.
 
Ийнхүү наадмын даага гараан дээрээс хөдлөхөд гоонойсон хүзүүтэй шинэ цагийн баахан адуу өнгөнд гараад явчихлаа. Ер нь тэгдэг болоод байгаа юм л даа. Дагаад харж л явлаа, дээр нь яваа хүүхэд ойж буугаад шинэ цагийн адуу айхавтар хатуу давхилтай харагддаг. Хүүхдээ сайн л баадагнаж мордуулахгүй бол. Харин монгол моринд ямар юмных нь тийм хатуу давхил байхав. Ингэсээр зул задран Цагаан хөтөлийн уруу дээр ирэхийн алдад хөөрхий өнөө муу Сүхбаатараас ирсэн сөөнгө хүрэн монгол даага чинь гооногоруудын араас тарлаад орж ирж байна шүү. Машинд явсан тав зургаан сэтгүүлч, зураглаачийн анхаарал өөрийн эрхгүй өнөө муу навсайсан хүрэн дааган дээр тусаад байх. Заримын маань нүдний нулимс ч гарч байна. Бүгдээрээ л дотроо балиашиглаад байгаа нь монгол хүн, монгол морь хоёрын дээдсээс улбаатай шинж биз дээ. Хүрэн даага бяртай юмаа, хэн гэдэг алдартынхан ч байлаа хоёр гурван гооногоруудыг гатлаад өнгөнд явсан хэдэн шинэ цагийн дааган дээр очиж заргалдав. Өнгөний адуун дээр очих юмаа, очих юм, ганцхан ташуур хөдөлгөөд өнөөх гооногорууд чинь урагшаа гараад явчих юм. Дээдсийн маань дэлхийг нэгтгэхэд хөл нь болж явсан дээд удмын тэсвэрээ харагдтал тэр монгол даага зүтгэлээ, бид харлаа. Дээрээ түнтийсэн бор хүүтэй монгол даага, алд дэлэм илүү том биетэй араб адууны төлүүдтэй хийсэн өрсөлдөөнийг дэргэдээс нь харсан монгол хүн бүр бишрэх биз дээ. Түнтгэр бор хүү, сөөнгө хүрэн даага, тэртээх зүүн хязгаараас тэтгэврийн хэдээрээ зардал хийж ирсэн өвгөн уяач гурвын хөдөлмөр монгол адууг эрлийз хурлийз болгосон хүмүүсийн цараанд хүрсэнгүй.
 
Монгол наадмын дааганы уралдааны түрүүч барианд орж эхэллээ. Мэдээж шинэ цагийн гэх адуунууд түрүү, аман хүзүү, айргаар орсоор... араас нь ч бас хамаатангууд нь цувсаар... “Монгол түмний наадам байна даа, ядаж ганц монгол даага эхний хорь дотор орчих байгаа” гэсэн горьдлоготой зогстол хөөрхий өнөө муу хүрэн даага, түнтгэр хүү хоёр чинь 18 хавиар нэг өндөр амьтантай заргалдсаар барианы тавилан руу орж ирж байгаа харагдана. Бахдал ч төрөх шиг, бахардах ч шиг... өнөөх өндрийн ард тарласаар байгаа юм шүү дээ, тэр монгол даага. Даанч өнөөх нь хол харайх юм. Ийм л дүр зурагтай олон мянган үзэгчдийн уухай, нулимстай нүдэн дундуур өнөөх ганц монгол даага 18-аар орж явчихлаа. Ард нь ч, урд нь ч бүгд шинэ цагийн монгол адуунууд. Моринд дуртай монголчууд айргийн таван морины хөлснөөс адис хүртэх гэж хошуурдаг бол энэ удаад 18-д давхисан тэр монгол дааганаас адис авах гэж зүтгэхсэд олон байсан нь нэгийг хэлэх биз ээ.
 
Монгол түмний хандлага ийм байхад монгол өвгөн уяач яаж байгаа бол гэхээс очмоор санагдаад болдоггүй яваад очлоо. Морь шиг хүрэн даага сайхан хөлөрчээ, нэг их тэлэгдээгүй байх. Харин хөлсийг нь хусан наана цаана нь гарах монгол өвгөний нүднээс нулимс мэлмэрч харагдана. Юу ч дуугарахгүй хөлсийг нь зөөлөн хусах. Монголын нэгэн алдартай уяач тэргүүнтэй хэсэг нөхөд зорьж ирэн өвгөн уяачид баяр хүргэхдээ, “Монгол адуу уралдсан бол таны хүрэн даага улсын наадмын түрүү байлаа, та монгол наадмын дааганы түрүүг авлаа гэж өөрийгөө бодоорой” гэж сэт­гэлийг нь зассан сайхан үг хэлцгээж байна лээ. Уяач өвгөний хэлсэн ганц үг бол “Над шиг нь ирж уралдах дэвжээ биш болжээ” гэсэн үг юм шүү. Энэ үгэнд л эм­зэглэ­лээ. Ийм үгийг монгол наадмын хиймор сүлдийг өр­гөж ирсэн хэдэн мянган уяач хэлж байгаа болоо гэж бодохоор аймаар. Хэдэн мян­ган жилийн турш тэсвэр тэв­чээрээрээ гайхагдаж, энэ дэл­хийн аль ч бүсэд амьдрах чадвар, уугуул төрхөөрөө шал­гарч өнөөдрийг хүрсэн монгол адууг өөрөөр, яаж сайж­руулах гээд байгаа юм бэ.
 
Шинэ цагийн монгол адуу хэмээн нэршүүлж буй шинэ адууны байгалийн шалгарал өнөөдөр ямар байгааг адуу гадарладаг, сонирхдог бүхэн мэдэж, харж байгаа шүү дээ. Уралдаад түрүүлгэчихдэг юм байж. Түрүүлгэж аваад битүү нэмнэж хучиж, сүүдэр саравчтай газар байнгын арчилгаанд байлгахгүй бол хавар нь хачиг шалзанд, зун нь ялаа шумууланд бариулаад үхэж байна. Чадалтайнууд нь энэхүү арчилгаа тордлогоог нь өндөр хөлсөөр хийлгээд болж байна. Энгийн уяачид тийм боломж байхгүй. Миний багад наадмын дараа уралдсан морины хариу уяа гэж морины зүсийг өөр болтол намрын салхинд уяхад морь бүр ч гоё болдогсон. Өвлийн эхний цаснаар л үс нь сорлоод, битүү уур манан савсуулсан сайхан амьтад адуун дотроо байж ядан дүүхэлзээд. Тэгвэл шинэ цагийн монгол адуу өвөл яаж байна гэхээр эхний хүйтэнтэй зэрэгцээд хөлдөж үхэх дээрээ тулж, шууд тэжээлд оруулж, хэнз бяруу шиг нэмнэж авахгүй бол хоёрхон хоногийн дотор шувтайтал турж, дахиад долоо хонох юм бол сэргэхээргүйгээр буцчих гээд байна. Энэ сайн адууны шинж мөн үү. Дэлхийд гайхагдсан монгол адууны ген мөн үү. Ийм л адуугаар монгол наадмыг “чимэх” болжээ, хэдхэн хүн. Сайндаа 200 хүн. Бусад хэдэн мянган монгол адуутай, монгол уяачид хүрэн дааганы уяач өвгөн лугаа адил бодолтойгоор нутаг буцаж, зарим нь бүр “Миний морь уядаг цаг нэгэнт түүх болжээ” хэмээн улаан цэмбээр хамрыг нь бүрсэн, удам дамжсан хазаар, уяа шузгаа хураан эвхэж цааш нь хийцгээх болов. Монгол мориороо уралдаж, хийморь лундаагаа сэргээж явснаа түүх болгон ярьж эхэллээ. Энэ Монголын гуниг биш гэж үү. Энэ Монгол наадмын мөхөл биш гэж үү. Уяачид минь жудагтай байцгаая. Хэдхэн хүн өндөр цол авч нэр алдарт хүрэхийн төлөөнөө монгол наадмаа эвдэж сүйтгэхээ больё. Эрлийз хурлийз адуугаар наадахаа зогсооё. Нэгэнтээ Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү” гэж хэлсэн юм шүү.
 
Д. Балжинням





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.