Казахстаны парламентын доод танхим (Мажилис) анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Аюулгүйн зөвлөл болон Казахстаны ард түмний ассамблейн (АНК) даргаас нь огцруулах үндсэн хууль, бусад хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. Энэ тухай тус улсын парламентын гишүүн Канат Нуровын иш татан мэдээлснийг Новости иш татжээ.
Түүний хэлснээр, Элбасы (үндэстний удирдагч) өөрөө ийм алхам хийхээр шийдсэн тухайгаа өмнөх өдөр нь видео илгээлтээр мэдэгдсэн гэжээ.
Холбогдох өөрчлөлтийг парламентын дээд танхим (Сенат) болон одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев баталмагц төрийн тэргүүн асан зарим эрхийг нь хасна гэж тэрээр тайлбарлав.
Назарбаев 2021 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй, улс орны нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан хэдий ч энэ сарын 18-ны мягмар гарагт тэрээр "Нийслэл хотод тэтгэвэрийн амралтаа эдэлж байна. Эмх замбараагүй байдлын эсрэг тэмцэлд залгамжлагчийнхаа үйлдлийг сайшааж, насан туршийнхаа бүрэн эрхийнхээ зарим хэсгээс сайн дураараа татгалзаж байна" гэж ард түмэндээ хандсан юм.
Гэсэн хэдий ч Нурсултан Назарбаевын бусад халдашгүй дархан эрхийг нь хасахаар улс даяар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлж байна.
2000 онд батлагдсан "Анхны Ерөнхийлөгчийн тухай" хуулийн дагуу Назарбаев болон түүний гэр бүл бүрэн халдашгүй дархан эрхтэй байдаг аж. Мөн энэхүү хуулиар төрийн тэргүүн болон түүний гэр бүл насан туршийн хамгаалалтад байдаг бөгөөд тэднийг цагдан хорих, баривчлах, мөнгө, эд хөрөнгө хураах боломжгүй. Түүнчлэн Назарбаев Ерөнхийлөгчийн сарын цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдагаас гадна түүнтэй хамт амьдардаг хүн бүр тэтгэмж авдаг.
Тэгвэл гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулагчид экс ерөнхийлөгчийн энэ бүх давуу эрхийг хасахыг шаарджээ.
"Шинэ Казахстан Улсын хүсч буй чөлөөт ардчилсан нийгэмд эдгээр давуу эрхүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бид үзэж байна. Үүнээс гадна анхны Ерөнхийлөгчийн гэр бүл болон бусад төрөл төрөгсдийн орлогын эх үүсвэр маш эргэлзээтэй байна" гэж өргөдөлд дурджээ.
Одоогоор уг өргөдөлд 3000 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Өмнө нь интернетээр Казахстаны нийслэл Нур-Султан хотын нэрийг Астана болгон өөрчлөхийг шаардаж байсан. Түүнчлэн тус улсын бусад хотуудад Назарбаевын нэрэмжит гудамжнуудын нэрийг өөрчлөхийг санал болгож байна.