Европт бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулах боломжгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков илэрхийлэв.
Тэрбээр "Валдай" клубт үг хэлэхдээ "Европ эсвэл өөр аль нэг газарт бүрэн хэмжээний дайн гарах эрсдэл байхгүй гэдэгт би итгэлтэй байна" гээд Орос улс бусад улсын эсрэг түрэмгий үйлдэл хийхгүй гэдгийг онцолжээ.
"Бид Украин руу довтлохгүй, дайрахгүй. Бид Украинд заналхийлсэн ямар ч оролдлого хийхгүй . Бид зөвхөн өөрсдийн нутаг дэвсгэр дээр сургуулилт, цэргийн байнгын хөдөлгөөнийг хийдэг" гэж Рябков нэмж хэлэв.
Үүний зэрэгцээ Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх нь Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлын төвд байгаа бөгөөд үүний тулд дипломат арга хэмжээний хүрээнд чадах бүхнээ хийх болно. Өнгөрсөн долоо хоногт Женевт Москвагийн Вашингтонд тавьсан саналын зорилго нь яг энэ юм.
АНУ болон НАТО-гийн аюулгүй байдлын баталгааны талаарх асуултдаа бичгээр хариу хараахан аваагүй байгаа ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж Москва найдаж байна гэж Рябков тэмдэглэв.
Аюулгүй байдлын саналд дурдсан Украин болон бусад улс орнуудыг НАТО-гийн гишүүн болохгүй гэсэн хууль ёсны баталгаа Орос улсад хэрэгтэй байгааг Гадаад хэргийн дэд сайд сануулав.
"Хэрэв тэд үүнд улс төрийн хангалттай хүсэл эрмэлзэлтэй байвал энэ нь АНУ-д илүү хялбар арга зам байх болно гэж би бодож байна" гэж дипломатч дүгнэв.
Барууны улстөрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос Украин руу довтлохоор бэлтгэж байна гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм. Москва харин эдгээр мэдээллийг үгүйсгэж, ийм мэдээллийг НАТО Оросын хилийн ойролцоо цэргийн техник, эвслийн хүчин байрлуулах шалтаг болгон ашиглаж байна гэж байгаа юм.
Бид ямар ч түрэмгий төлөвлөгөө гаргаагүй, хэнийг ч заналхийлээгүй, улс орон дотроо хийдэг цэргүүдийн шилжилт хөдөлгөөн хэнд ч санаа зовох ёсгүй гэж Кремль онцолжээ.
Эх сурвалж: Дента