Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн гэх хоёр хүнийг нь МАН-ын бүлгээс дэмжээгүй учир Элчин сайд нарыг томилолгүй багагүй хугацаанд гацаасан. Тодруулбал, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг өндөр настай, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо хоёр жил гацсан билээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсөн даруйдаа буюу ердөө долоо хоногийн дараа Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа /2021.07.02/ УИХ-д хүргүүлж, Элчин сайд нарын томилгоог шуурхайлан шийдвэрлэж нэг дор 23 Элчин сайдыг томилсон байдаг.
Удтал гацсан асуудалд шийдэл олсон ч томилгоонуудтай холбоотойгоор сайн, саар сэтгэгдлүүд аль аль нь хөвөрч байлаа. Гэхдээ Гадаад харилцааны сайдаар С.Батцэцэг томилогдсоноос хойш Элчин сайд нарын томилгоо төрийн албаны мерит зарчмаар явж байна уу гэж харж байна. Элчин сайдаар шинээр томилогдсон хүмүүс дотроос хэл ам шуугиан дагуулж, өмнөх шиг чих халууцуулсан нь одоогоор алга.
Өнгөрсөн даваа гарагт томилсон Элчин сайдуудын томилгоо нь мерит зарчмын томилгоо байсанд иргэд талархалтай байгаа. Тодруулбал, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй бөгөөд япон, орос, англи хэлтэй. Тэрээр 1997 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж ирсэн, мөн Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай дипломатч юм.
Мөн Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй. 1998 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж ирсэн Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Европын газрын атташе, 2003-2007 онд Парис дахь Элчин сайдын яам, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг дипломат албаны туршлагатай байсан. Эдгээр томилгоонууд нь мэргэжлийн байсанд иргэд олон нийтийн зүгээс талархалтай хандаж байгаа. Б.Батцэцэг сайд зөвхөн Элчин сайдуудын томилгоо ч гэлтгүй Гадаад харилцааны яам, дипломат албанд ажиллах боловсон хүчинд “мэргэжлийн” хандаж байгаа нь түүний томилгоо бүрээс харагддаг.
Дипломат албанд гарч буй өөр нэг онцлох зүйл нь Элчин сайд нарын түүхэнд ингэж олон эмэгтэй Элчин сайдаар томилогдож байсан нь үгүй. Тодруулбал, 32 Элчин сайдаас анх удаа зургаан эмэгтэй элчин сайд томилогдсон нь орчин цагийн дипломат албаны түүхэнд байгаагүй тохиолдол юм. Үүнийг Б.Батцэцэг сайд бүтээж чадлаа. Боловсрол, мэдлэг, туршлага, хариуцлагын хувьд эрчүүдээс илүү байсан ч удирдах албан тушаалтан болж чаддаггүй энэ байдлыг өөрчилж, эмэгтэйчүүдийн манлайлал гадаад харилцааны салбарт орж ирсэн нь тодотгох ёстой зүйлийн нэг юм. Энэ талаар дипломатч Ч.Куланда “Монгол айл, монгол хүн бүрийн хувь заяатай холбогдсон орон бол Солонгос. Мөн монголчууд хамгийн олноор оршин суудаг орон. Бас Монголд хамгийн их хөрөнгө оруулагч орон. Солонгос бараа таваарыг монголчууд хамгийн ихээр эдэлж хэрэглэдэг, тэр ч бүү хэл хоол хүнс, хэл соёлыг нь гадарлаж мэддэг болсон. Монголд хамгийн ойр, хамгийн элгэмсэг улс. Энэ оронд эрдэм мэдлэгтэй, дипломат албаны туршлагатай, гадаад харилцаанд төгсөрсөн бүсгүйг Монгол Улсаас суух Элчин сайдаар томилжээ. Энэ томилгоо ёстой л нүдээ оллоо” гэж байр сууриа илэрхийлжээ.
Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарт онцгой үүрэг оногдсон ч өмнөх Элчин сайд нарын үед чих халууцуулах мэдээ олныг дуулгасан. Шалтгаан нь хэн нэгэн улстөрчийн шахааны улсуудыг томилдог байсан завхрал юм. Дипломат албаны нэр хүндийг унагаах хэргүүд удаа дараалан гарсан ч толгойг нь илээд өнгөрөөдөг байсныг өөрчилж чадсан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэг шинэчлэл. Хариуцлага алдсан, чадамжгүй сайд нарыг зоригтой шийдвэр гаргаж эргүүлэн татах, хариуцлага, сахилга бат, ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр шинэ реформ хийж байна. Жишээлбэл, БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татахаар болсон билээ.