Нэгдүгээр сарын эсэргүүцлийн дараагаас Назарбаевын гэр бүлийнхэн байр сууриа аажмаар алдаж байна. Хүргэн нар нь үндэсний тэргүүлэгч том компаниудын захирал, ТУЗ-өөс чөлөөгдөөд байна.
Нурсултан Назарбаев Казахстаныг 30 гаруй жил удирдсан. Тэрээр 2019 онд албан тушаалаасаа огцорсон ч Казахстаны Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалыг насан туршдаа хаших эрхтэй үлдэж байв.
Гэвч 1-р сарын 5-нд түүнийг энэ албан тушаалаас огцруулж эрх мэдлийг Ерөнхийлөгч Токаев гартаа авсан. (Зарим эх сурвалжийн мэдээллээр тэрээр сайн дураараа албан тушаалаа орхисон).
1-р сарын 11-нд Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “тус улсад маш их ашиг орлоготой компаниуд, маш баян хүмүүсийн давхарга байгаа бөгөөд тэд одоо "Казахстан Халкыны" буяны сан болон Казахстаны ард түмэнд тогтмол хандив өгөх замаар "хүндэтгэл үзүүлэх" шаардлагатай” гэж мэдэгдсэн юм.
Назарбаевын хүүхдүүд ба тэдний хамтрагчид
Дарига Назарбаева бол Казахстаны анхны ерөнхийлөгчийн том охин юм. 2014 оноос тус улсын парламентад ажиллаж, 2019 оноос парламентын дээд танхимыг тэргүүлж байв. Гэвч 2020 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Токаев сенаторын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон юм. Үүнээс хэсэг хугацааны дараа Дарига парламаентын доод танхимын депутатаар сонгогджээ. Гэвч энэ 1-р сарын 12-ноос хойш тэрээр хуралдаа ирээгүй байна. Даригаг коронавирусээр өвчилж, чөлөө авсан гэж мэдээлсэн.
Казахстаны зарим хэвлэлд мэдээлснээр Дарига 2020 оноос хойш Кайрат Шарипбаевтай хамтран амьдарч байгаа аж. Назарбаевийн “хүргэн” болсны дараа Шарипбаев үндэсний том компани "Казахгаз"-ын ТУЗ-ийн дарга болжээ. Харин энэ сарын 15-нд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн.
Элбасын дунд охин Динара Кулибаева бизнес, нийгмийн үйл ажиллагаа эрхэлдэг. Түүний нөхөр Тимур Кулибаев “Форбес” сэтгүүлээс гаргасан Казахстаны хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн нэгдүгээрт бичигддэг. Тэрээр сүүлийн найман жил “Атамекен” үндэсний бизнес эрхлэгчдийн танхимыг тэргүүлсэн. Нэгдүгээр сарын 17-нд тус байгууллага Кулибаев "сайн дураараа огцорсон" гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар тэрээр Казахстаны Олимпийн хорооны тэргүүний албан тушаалтай хэвээрээ байгаа.
Нурсултан Назарбаевын бага охин Алия Назарбаева олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд урлагийн чиглэлээр ажилладаг. Алиягийн нөхөр Димаш Досанов хуримынхаа дараа тус улсын үндэсний тэргүүлэгч “КазТрансОйл” газрын тос тээвэрлэх компанийн ТУЗ-ийг тэргүүлжээ. Энэ нэгдүгээр сарын 15-нд албан тушаалаасаа огцорсон.
Хамаатан садан, ойр дотны хүмүүс
Нурсултан Назарбаевын ач хүү Самат Абишев Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байв. Нэгдүгээр сарын 7-нд түүнийг огцрох өргөдлөө өгсөн тухай мэдээлсэн.
Карим Масимовыг Назарбаевын итгэлт хүн гэж үздэг. Назарбаевыг Ерөнхийлөгч байх үед тэрээр хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж байв. Харин ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш Карим Казахстаны Үндэсний аюулаас хамгаалах хороог толгойлж байв. Нэгдүгээр сарын 6-нд буюу эсэргүүцлийн дөрөв дэх өдөр түүнийг баривчилж, эх орноосоо урвасан хэргээр шалгаж байгаа.
Каримын ах Нурлан Масимов саяхан болтол Павлодар мужийн цагдаагийн байгууллагыг удирдаж байгаад нэгдүгээр сарын 17-нд ажлаасаа чөлөөлөгдсөн.
Тэд хаана байна вэ?
Нурсултан Назарбаев болон түүний хүүхдүүд одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Тэд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш олны өмнө огт харагдаагүй. Харин тэдний төлөөлөгчдийн мэдээлснээр Нурсултан Назарбаев нийслэлд, том охин Дарига нь Алматы хотод байгаа аж. Гэхдээ үүнийг батлах зүйл одоогоор алга.
Интернэт хэрэглэгчдийн анзаарснаар Назарбаевын бага охин Алия Арабын Нэгдсэн Эмират улсад байгааг тогтоосон. Харин үүний дараахан Алия Назарбаева өөрийн Facebook, Instagram хаягаа устгажээ.
Дарига, Алия нар өмнө нь Лондонд байшин худалдаж авсан нь тодорхой байдаг. Дарьга болон түүний хүү Нурали нарын эзэмшдэг эд хөрөнгө 2019 онд 100 гаруй сая ам.доллараар үнэлэгдсэн.
Алияагийн байшин 10 сая гаруй долларын үнэтэй гэж Telegraph сонинд бичжээ. Тэрээр мөн Дубайд 14 орчим сая долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх мэдээлэл байна.
Өр нэг мэдээллээр дунд охин Динара Кулибаева, түүний нөхөр Тимур Кулибаев нар Киргиз рүү явсан бах боломжтой гэжээ. 1-р сарын 6-нд Назарбаевын гэр бүлийнх байж болзошгүй хувийн хоёр онгоц Бишкект ирсэн тухай мэдээлсэн юм.
Жагсаал эхэлснээс хойш хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд Алматыгаас Женев рүү Bombardier Challenger 604 хувийн онгоц ниссэн явдлыг Bellingcat-ын мөрдөн байцаах баг шалгаж байгаа гэсэн мэдээлэл мөн бий.
Эх сурвалж: ВВС