Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажилд "хангалтгүй" ажилласан хэмээн холбогдох яам, нийслэлийн агаарын бохирдол хариуцан ажиллаж байсан 5 хүнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал БОАЖ-ын сайд багаараа чөлөөлөгдөн өнөөдөр шинэ сайд нь ажлаа хүлээн авсан.
Агаарын бохирдлын асуудалд хариуцлага тооцох хүмүүс үүгээр зогсохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Тэрбээр энэ талаар "Хянаж байх ёстой газраас нь эхлээд үйлдвэртэй холбоотой асуудал, нийслэлийн хариуцсан хүмүүс дээр хамтатгаж хариуцаж тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Та бүхэн утасдаж хамгаалахгүй байхыг хүсье. Цаашдаа ч хариуцлагын асуудал энэ гурваар зогсохгүй яригдана. " гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүд Эрчим хүчний яам, тэр дундаа Тавантолгой түлш ХХК-д ч хариуцлага тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Утааны асуудал гээд нэг сайд огцорч байна. Хэрдээ л их ажиллаж байсан. Гэхдээ үүнд салбар дундын уялдаа байх ёстой. Ард нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс үлдэж байгаа шүү. Сайжруулсан шахмал түлш асуудалтай байсан. Энийг хариуцаж байгаа салбар яамнаас хүмүүс байгаа. Энийг ингэж үлдээж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өнгөрсөн 4 жилийн хамгийн үр дүнтэй ажил бол энэ утааны асуудал гэж үздэг. Гэтэл яагаад энэ жил ийм утаатай байгаа юм бэ. Энэ жилийн утаа технологийн алдаа, сайн хатаагаагүйгээс уугилт ихтэй шаталт багатай байгаа иргэд хэлж байна лээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Байгаль орчны сайд өөрчлөгдөөд агаарын бохирдол сайжрахгүй. Яг нарийн яривал Байгаль орчны яамны шууд хамаарлын асуудал ч биш. Эрчим хүчний яамны асуудал. Таван толгой түлш компанийн асуудал. Хөлдүү түлш нийлүүлээд нөгөөх нь уугиад байгаа юм байна лээ. үүнийхээ учир шалтгааныг олж байгаад хариуцлагынхаа байг зөв онож явахгүй бол хэн нэгэн хүнд хариуцлага тохоод нийгмийн галыг дараад явбал цаашдаа сайжрахгүй. Байгаль орчны сайдаас гадна, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүд бусад холбогдох яам, нийслэлийн хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас хүсэж байна.