Өчигдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Уг зөвшилцөх саналд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ. Үүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосоос асуух асуулт байна. БНСУ-тай хоёр орны хооронд ярилцсан зээл, тусламж, хэлэлцээрүүд огт хэрэгждэггүй. Ихэнх нь мартагддаг. Хэрэв Элчин сайдаар томилогдвол энэ асуудлыг хэрхэн харж ажиллах вэ. Элчин сайд нар томилогдох болохоороо чуулганы хуралдаанаар орж томилогддог мөртлөө хийсэн ажлаа огт тайлагнадаггүй. Хийсэн хийгээгүй явсаар хугацаа нь дуусаад эгүүлэн татагддаг явдал их байдаг шүү.
Э.Сарантогос: БНСУ жилдээ 4-5 сая төгрөг ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлдэг. Мөн 700 сая долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, агаарын бохирдол, нийтийн орон сууц, хөгжлийн хөтөлбөрийн зэрэг олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа. Энэ талаар анхаарч ажиллана гэж бодож байгаа.