Ерөнхийлөгч өө, Сэгс цагаан Богд уулыг авраач...

2022-1-18
1924

Баянхонгор аймгийн нутагт орших  Сэгс цагаан Богд уул  газрын зураг хийгээд  шүлэг найрагт   нэр нь үлдэж, бодит байдалд алга болох аюулын ирмэгт очсон тул  нутгийн малчид, иргэд  тэмцсээр нийслэлд ирж  УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн бариад буцжээ. Цар тахлын дөрөв дэх давалгаа “Омикрон”-ы тархалтаас үүдэж сайд, дарга нар биечилж  хүлээж аваагүй. Бухимдсан иргэд “Дараагийн ээлжинд тэмцлийн хүнд хэлбэрийг сонгоно” хэмээн мэдэгдэл хийсэн гэж хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэлд дурджээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын нутагт Сэгс цагаан Богд уулын ойролцоо алтны үндсэн ордод ашиглалт, хайгуулын лиценз эзэмшдэг Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" компани  болон нутгийн иргэдийн хооронд үүссэн маргааныг Монголын төр эцэслэхгүй бол тэнд юу ч болж мэдэхээр байдал үүсчээ.

Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компанийн тухайд  дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг бөгөөд  Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус  биржээс Монголын нэгэн гайхамшиг, ховор, нэн ховор амьтан, ургамлын өлгий болсон  Сэгс цагаан Богд уулын ойролцоох  алтны үндсэн ордыг барьцаалан 270 орчим сая ам.долларын  хөрөнгө "босгож" ирсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна гэсэн мэдээллүүд олон нийтэд цацагджээ.

Харин Сэгс цагаан Богд бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны  найраглалаар монголчуудын зүрх, сэтгэлийн соронзон болсон хайрхан уул, говь нутгийнхны эгэлгүй шүтээн.  Мазаалайн идээшсэн нутаг,  эмийн ховор  ургамал бүхий нутаг.

Тэнд оршиж буй алтны ордын тухайд  Оюу толгойн ордоос дутахгүй том, стратегийн ордод дүйх том орд болохоор нь  нуухын тулд тус  компани лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тонн алтны нөөцтэй. Цианит  натри хэрэглэж алт угааж байж болзошгүй.  Монголын холбогдох бүх сайд дарга нар, төрийн байгууллагын шат шатанд авлига өгсөн байж мэднэ. Олборлолт эхлүүлэхээр зүтгэж байгаагаас ийм дүр зураг харагдаж байна” гэсэн мэдээллүүд ч бас гараад байгаа юм. Орон нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын малчдын байр суурийг тодруулснаа  хүргэе. /Тэд аюулгүй байдлын үүднээс өөрсдийн зургийг нийтлэхгүй байхыг хүссэн юм/.

Х.Дашпунцаг: “Тэрбум мод” хөдөлгөөн өрнөсөн, гэтэл  “Эрдэнэ Монгол” их говийн заган ойг сүйтгэж байна 

/Шинэ-Жинст сумын Уртын гол багийн малчин/

-Малчид, иргэд “Эрдэнэ Монгол” компанийг хэдийнээс, ямар үндэслэлээр  эсэргүүцэх болов?

-“Эрдэнэ Монгол” компани манай нутагт 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид эхлээд хайгуул хийж байгаа гэж ойлгосон. Энд тэнд өрөм тавиад сүүлдээ хүчрэгдэхээ байж, хяналтаас гарсан. Гэтэл ашиглалтын лиценз авчихсан гэж дуулдсан. Ингээд малчин бид нутгаа хамгаалж тэмцэхээр нэгдсэн. Хамгийн гол нь нутгийн иргэдийн төдийгүй монголчуудын шүтээн уул, нэн ховор ан амьтад, тухайлбал  мазаалайн  идээшиж дассан их говийн үзэсгэлэнт Сэгс цагаан Богд уулын байгаль орчин сүйдэх, цогцолбор газрын байгаль орчин  доройтох, их говийн заган ой сүйдэх аюул нүүрлэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарина гэж НҮБ-д амласан. Одоо яаж мод тарих вэ, яавал Монголоо ойжуулах  вэ гэж төр, засаг маань үндэсний чуулган, хурал цуглаан хийгээд байх юм. Гэтэл их говийн хэдэн зуун мянган заган ойг “Эрдэнэ Монгол” компани сүйтгэх гэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сэгс цагаан Богд уулыг авраач гэж танай сониноор дамжуулан дахин хэлье. Манай нутагт цаашид мал, хүн хоёр  оршин  амьдрах боломжгүй болох нь. “Эрдэнэ Монгол” бол Канадын компани, хөрөнгө оруулагч нь гадаад хүн, түүний удирдлагад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг, бараг тэр хүний нэр дээр байдаг гэсэн мэдээлэл  дуулдсан. Тэр бичиг, баримтыг нүдээр үзээгүй ч олны ам ортой болов уу, ийм яриа дуулдаад удаж байна.

 -“Эрдэнэ Монгол” компани байгаль орчны үнэлгээ хийлгэсэн  юм байна гэж ойлгосон?

-Хийлгэсэн байна лээ, гэхдээ тэр нь хууль бус. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл, улс орон даяар цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байхад аймгийн даргаас тушаал ирж иргэд, малчдыг хүчээр хуралдуулсан. Иргэд нэг хэсэг нь тэмцэж байхад, нөгөө хэсгийг нь  компанийн зүгээс ажилтай, орлоготой болгоно гэж сургалтад явуулж тархийг нь угааж, ийм байдлаар санал авсан. Үүнийг би хууль бус гэж үзэж байна. Хурлын дэг мөн хууль зөрчсөн. Ил санал өгөх үү, далд санал хураах уу гэдэг дээр “Далд санал хураана” гэж хурлын дэг зөрчсөн. Түүнээс  сумын ИТХ-д хэд хоногийн дотор хариу өг гэсэн албан бичгүүд ирдэг юм билээ, тэр болгонд нутгийн иргэд няцаалт өгч байсан.

А.Алтангэрэл: Мал, хүн хоёр оршин амьдрах аргагүй боллоо

/Баян-Өндөр сумын IV багийн  малчин/

-Төр, засагт шаардах бичиг өргөн барьсан гэлээ. Ямар шаардлага тавив. Цаашид малчид, иргэдэд ямар гарц байна?

-Манай нутагт уул уурхай хэрэггүй.  Манай говьд хулан, тахь, хавтгай, мазаалай, хар сүүлт  гээд ховор ан амьтан олон бий. Эмийн ургамал ч их. Дээр нь говийн хөрс эмзэг, хүүхдийн зулайнаас нимгэн гэж ярьдаг. Эдгээрийг огт хөндөлгүй байлгаснаар  экологийн тэнцвэрт байдлыг хангана. Ухаж төнхвөл  доройтож таарна. Уул уурхай эхэлснээс хойш тоосжилт нэмэгдсэн. Байгалийн аюулт үзэгдлүүд  ч мэр сэр гарах боллоо.  Малчдын хувьд  цагаан ямаа, хоёр бөхтэй тэмээ нь амьжиргааны гол эх үүсвэр болж ирсэн. Гэтэл бидний амьжиргаа болсон мал бэлчих нутаг бэлчээргүй болох нь. Ийм учраас бид уул уурхайг эрс эсэргүүцэж байгаа. Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа хараахан эхлүүлээгүй юм билээ. Хайгуул хийж байгааг нь харахад тоосжилт ихтэй, зам харгуй гаргасан, өрөм цооног тавьсан нь байгаль орчныг доройтуулж байна. Уурхай эхлэхэд манай нутаг усгүй, гүний худгаас хүн, мал хоёр ундаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой  ч байх, ерөөс говьд бороо хур орох нь цөөрсөн. Усны хомсдол ихтэй болсон.  Уурхай ид ажиллаад эхэлбэл манай нутагт ус хүрэлцэхгүй,  цаашид ч усны ямар ч нөөцгүй болно гэсэн үг.

-Та нарт сайд дарга нараас ямар ха­риу өгөв. Тойргоос сонгогдсон ги­шүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид учир шалтгаанаа тойргоос сонгогдсон УИХ-ын даргад уламжиллаа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүсэлтээ өргөн барилаа. Цар тахал, омикрон вирусын тархалт нэмэгдсэн гээд биднийг хүлээж авсангүй. Ямар ч байсан албан бичиг, хүсэлтээ өгөөд нутаг руугаа буцаж байна. Өмнө нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн газар дээр нь очсон. Мөн Эрдэнэтээс сонгогдсон С.Ганбаатар гишүүн  нутгаа гэх сэтгэлээр очиж малчид, иргэдтэй уулзаж, биднийг сонсч, саналыг авсан. Бид төрдөө итгээд энэ удаа буцлаа, ямар хариу ирүүлэх бол гэж хүлээж байна. Түүний дараа тэмцлээ  хэрхэн үргэлжлүүлэхийг шийднэ.

-Малчид АТГ-т хандсан гэсэн, хариу ирсэн үү?

-АТГ-т өргөдөл гомдол өгсөн  байгаа, одоогоор хариу ирүүлээгүй байна. Уул уурхайнхан шат шатанд авлига өгсөн байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Монголд  уул уурхай хөгжөөд монголчууд сайхан амьдарсан юм алга л байна шүү дээ.  Бид хохироод үлдэхийг хүсэхгүй байна. Ер нь бол ганц “Эрдэнэ Монгол” ч биш Шинэ-Жинст, Баян-Өндөр сумдын нутагт 45  лиценз байдаг. Түүнийг салбарласан  жижиг лицензүүд  ч тоо томшгүй. Энэ бүхнийг шалгуулмаар байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.