Дэлхийн улс орнуудын хоорондын сөргөлдөөн үргэлжилбэл дэлхий сүйрлийн үр дагаварт хүрнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ тухай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн үеэр цахимаар үг хэлэхдээ дурдсаныг Францын AFP агентлаг твиттер хуудсандаа мэдээлжээ.
Хятадын удирдагч олон талт үзлийг дэмжигч гэдгээ онцлоод, цаашид сөргөлдөөн үүсгэх оролдлого хийхгүй байхыг бусад улсын тэргүүнүүдэд уриалав.
“Өнөөдрийн манай ертөнц тайван амгалан байдлаас хол, үзэн ядалт, өрөөсгөл үзлийг өдөөсөн үг яриагаар дүүрэн байна. Сөргөлдөөн нь асуудлыг шийддэггүй, харин гагцхүү сүйрлийн үр дагаварт хүргэдэг гэдгийг түүх олон удаа нотолсон” гэж Ши Жиньпин онцолжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, "Бээжин Вашингтонтой сөргөлдөхөөс айхгүй, хэрвээ сөргөлдөөн болвол ялалтад хүртлээ тэмцэх болно. Үүний зэрэгцээ Хятад улс хамтын ажиллагааг сайшааж, бусад оронтой эрх тэгш яриа хэлцэл өрнүүлж, эрх тэгш өрсөлдөхийг хүсэн хүлээж байна" гэжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжин, Вашингтоны хоорондох мөргөлдөөний үр дагавар нь түүний бүх оролцогчдод гамшигт хүргэж болзошгүй гэж сануулж байв. Түүний хэлснээр, Америкийн тал Хятадтай хийж буй өрсөлдөөн нь болзошгүй мөргөлдөөн болон даамжрахаас урьдчилан сэргийлэх ёстой гэжээ.