Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу иргэд хүүхдээ мөнгөө авахдаа хүсэлт гаргах шаардлагатай болчихоод байгаа. Энэ оны эхнээс зургадугаар сарын 1 хүртэл эцэг, эхчүүд хүүхдийн 100 мянган төгрөгөө бүтнээр нь авах эсэхээ хүсэлт гаргаж шийдвэрлэнэ. Мөнгөө авна гэсэн хүсэлт гаргавал 100 мянган төгрөг өгнө. Гаргахгүй бол 50 мянгыг нь өгөөд, үлдсэнийг нь хуримтлал үүсгэх нэрийдлээр Төр авах нь. Цаашлаад энэ оны долдугаар сарын 1-ээс ямар ч сонголт өгөхгүйгээр 100 мянган төгрөгийн талыг нь шууд хуримтлалд татна. Ирээдүй өв санд, нэрийн дансанд хуримтлуулна гэх мэт сайхан төсөөллийг тэд бидэнд амласан.
Хүүхдийн мөнгийг 2006 оноос хойш 15 жил хүүхэд бүрт мөнгө өгч байгаа. Эхлээд 10 мянган төгрөг байсан. Яваандаа 20 мянга болж, хоёр дахин нэмэгдсэн. Харин ковидын “буянаар” 100 болж, эрс өссөн. Цалин мөнгө нь амьдралд нь хүрэлцдэггүй хүмүүст бодит нэмэр болж эхэлсэн гэсэн үг. Боломжийн амьдралтай буюу дундаж өрхүүдэд хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалахад арай дөнгүүр хэмжээний мөнгө гэсэн үг. Гэтэл 2021 оны эхнээс л хүүхдийн мөнгөөр оролдож эхэллээ эрх баригчид.
“Хуримтлалтай хүүхэд” гэдэг үг их сайхан сонсголонтой байгаа биз. Монголын хүүхэд бүр хуримлалтай болоод, ирээдүйд их, дээд сургуулийнхаа ганц, хоёр жилийн төлбөрөө ч болов төлөх боломжтой болох нь гэх мэтээр өөдрөгөөр төсөөлж болохоор. Гэхдээ энэ ариун мэт харагдах зорилгын цаана юу байна вэ гэдэг л сонин. Манай улстөрчид, эрхтэн дархтан, хууль тогтоогчид эх орныхоо ирээдүй болсон энхрий үрсийнхээ сайн сайхны төлөө “Ирээдүйн өв сан”-д мөнгө хураах гээд байгаа нь юу л бол. Тэдэнд муухан түүх, ард иргэдээ хуурсан хууралтууд л их байгаа болохоос сайн сайхан нь тун цөөн.
Хардаж болох хоёр, гурван нөхцөл байна. Өмнө нь ХНХ-ийн сайдын багцад суулгаж өгдөг байсан хүүхдийн мөнгийг энэ онд Сангийн сайд руу шилжүүлсэн. Сангийн сайдын багцад суулгасан гээд байгаа юм. Гэтэл 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан Ирээдүй өв сангийн 2022 төсвийн тухай хуульд энэ сангийн орлого, зарлага гэж зааж өгсөн. 2022 онд тус санд 1 их наяд 461 тэрбум 737.7 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөж. Татвараас, ашигт малмалтай холбоотой бусад орлогоос энэ мөнгийг бүрдүүлнэ гэж хуульд зааж. Эргээд бүх орлогоо хүүхдийн мөнгөнд зарцуулах юм билээ. Энэ мөнгөнөөс дор хаяж 365.4 тэрбумыг нь хуримтлуулна гэж хуульд бас тусгаж өгч.
Хэрвээ татвар хураамжаар хүүхдийн мөнгийг бүрдүүлэх юм бол яагаад заавал Ирээдүйн өв санд оруулах ёстой гэж. Зүгээр л ХНХ-ын сайдын багцад нь тусгахад л болох байсан. Тэгээд Ирээдүйн өв сан руу татаж аваад, хуримтлуулах боломж ч байлаа. Уг нь Ирээдүйн өв сангаас 2030 он хүртэл ямар нэг байдлаар зарлага гаргахгүй гэсэн хуультай байсан. Гэтэл тэр хуулийг өөрчлөөд, зарлага гаргаж болохоор болгочихож. Хүүхдийн мөнгийг Сангийн сайдын багцад шилжүүлж, “Хуримтлалтай хүүхэд” энэ тэр гэсэн гоё хөтөлбөр гаргаж ирсэн зорилго нь ерөөсөө л энэ санг “самрах” байсан байж болох. Тэнд байгаа мөнгө эрх баригчдад хэрэгтэй байсан ч юм бил үү.
Хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байхад жилдээ 300 гаруй тэрбум төгрөг л зарцуулдаг байсан. 100 мянга болгочихоор бараг л 1.5 их наяд төгрөг болоод нэмэгдчихсэн. Үндсэндээ төсөв 1 их наяд гаруй төгрөгийн дарамт ирсэн гэсэн үг. Нэмээд айл өрхийн цахилгаан, түлшний хөнгөлөлт гэж нэг зардал төсөвт нэмэгдсэн. Ямар сайндаа л УИХ 18 их наядын зарлагатай төсөв баталж байх вэ дээ. Орлогоо 16.4 тэрбум гэж баталсан. Орлогын 88.4 хувийг татвараас бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Ковидын улмаас эдийн засаг хүндэрсэн, хил гааль хаагдсан үед Төр биднийхээ халаасыг эргүүлж байгаад “гөвөх” зорилт тавьчихсан. Нэмээд зэс, нүүрснээс 643.4 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж. Тэр дундаа нүүрснээс 262.1 тэрбумыг “халаасална” гэж тооцсон. Энэ мөнгийг олохын тулд 2022 онд 36.7 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь дунджаар 73.4 ам.доллараар зарна гэж мөрөөдөж байгаа юм.
Зөвхөн нүүрсээр л бодоод үзье. Манай улс сүүлийн хэдэн жил 40 сая тонн нүүрс урд хөрш рүүгээ зөөнө тооцож ирсэн. Нэг ч удаа зорилго, төлөвлөгөөндөө хүрч байгаагүй. Хамгийн ихдээ 36 саяыг л зарж байлаа. Бүх юм нээлттэй, өвчин зовлонгүй үед шүү дээ. Гэтэл 2022 онд нөхцөл байдал хаашаа эргэхийг бид тааж хэлэх боломжгүй байна. Магадгүй эхний улиралд бид хил гаалиа хөрш орнууд хийж, үйл ажиллагаа жигдрэхийг хүлээж өнгөрүүлж ч магадгүй. Хил дээр өмнөх оны нүүрсний үлдэгдэл овоорчихсон, түүнийгээ одоо зөөж дуусаагүй л байгаа. Хэзээ шинэ олборлосон нүүрсээ Хятад руу идэвхийлэн зөөх вэ гэдэг асуудал ч шийдлээ хүлээж буй. Ийм байхад бид хэт өөдрөг төсөөлөлдөө хүрэхгүй нь ойлгомжтой. Нэмээд хил гааль мөд нээгдэхгүй бол манай бүх үйлдвэр түүхий эдийн болоод бусад бараа, материалын дутагдалд орно. Дагаад үйлдвэрлэл, наймаа буурч, эдийн засаг хумигдсан хэвээр л байна. Энэ нь эрх баригчдын хүссэн татварыг хэн өгөх вэ гэдэг асуултыг үлдээж байгаа юм.
Ердөө л энэ мэт хэдхэн шалтгааныг дурдахад хүүхдийн мөнгийг төсвөөс өгөх боломж хомс болсон гэж хардахаар байна. Тиймээс Засгийн газар, эрх баригчид яаралтай арга хэмжээ авсан нь “Хуримтлалтай хүүхэд” гэдэг “заль”. Ирээдүйн өв санд орлого оруулахгүй ч байж мэднэ. Харин санд байгаа нөөцийг гаргаж, хүүхдийн мөнгөө өгөх гэсэн бол яана. 2021 оны долдугаар сард Сангийн яамныхны УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад хариулахдаа өгсөн мэдээллээр Ирээдүй өв санд 1.6 их наяд төгрөг байгаа гэсэн. Энэ мөнгийг л гаргах арга хайж олсон нь “Хуримтлалтай хүүхэд” байж гэж хардаж байна.
Тэгэхээр хүүхдийн мөнгө хэнд хэрэг болсон тодорхой биз. Үндсэндээ Засгийн газарт, эрх баригчдад. Энэ оны хагас хүртэл нэг ч хүн хүүхдийн мөнгөнийхөө талыг хуримтлуулна гэж хүсэхгүйгээр авахад 700 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Үлдсэн хугацаанд нь бол 350 гаруй тэрбум л хэрэгтэй Үндсэндээ 1 их наядаар энэ жилдээ аргалах боломж тэдэнд байна. Тэгэхээр Ирээдүй өв санд үнэхээр дээр дурьдсан мөнгө байгаа бол хангалттай хүрнэ. Бидэнд бол зүгээр тоо харуулаад л болно, ядах юмгүй.
Дахиад жаахан лавшруулж хардах нэг өнцөг ч бас байна. Энэ оны үлдсэн хагаст хүүхдийн мөнгөний тал буюу 350 гаруй тэрбумыг Төр иргэдээсээ асуулгүйгээр шууд авна. Сардаа 30 орчим тэрбум төгрөг Ирээдүй өв санд хүүхэд бүрийн нэр дээр хуримтлагдах нь л дээ. Энэ мөнгөө хүүхдүүд 18 нас хүртлээ авч болохгүй гэж бодъё. Тэгвэл энэ мөнгө зүгээр л санд “хэвтээд” байх уу. Тийм үлгэр байхгүй. Нөгөө л хэдэн тоогоо бидэнд харуулбал харуулна, за бараг харуулахгүй дээ. Мөнгө байвал өнөөх хэдэн улстөрчдийн арай өндөр албан тушаалтай, сайд, дарга нь арилжааны банкинд нэг, хоёр сарын хугацаатай хүүтэй хадгалуулаад, ашгийг нь “цохиж” суувал яана. Манай дарга нар өлхөн чадна. 350 тэрбум төгрөгийг сарын 0.7 орчим хувийн хүүтэй ганцхан сар хадгалахад л 230 сая төгрөг. Боломжийн наймаа байгаа биз. Хүүхдийн мөнгө тэдэнд ингэж ч хэрэг болж байж магадгүй. Тиймээс бид хүүхдийнхээ мөнгийг өөрсдөө аваад, хадгалах эсэхээ шийдчихмээр байна.