Казахстаны эрх баригчид нэгдүгээр сарын эхээр улс даяар өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 225 хүн, түүний дотор 19 цэрэг, цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Энэ нь хохирогчдын тоог албан ёсоор гаргасан анхны тооцоо юм. Мөн эрх баригчид хэдэн мянган жагсагчдыг баривчилжээ.
Бямба гарагт Бүгд Найрамдах Улсын Прокурорын газар болон Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид хамтарсан мэдээлэл хийх үеэр 4578 хүн шархадсан гэж мэдэгдэв. "Үймээний үеэр нас барсан 225 хүн бий. Тэдгээр нь хууль сахиулах байгууллага руу халдлага үйлдсэн зэвсэгт дээрэмчид юм. Гэхдээ тэнд бас энгийн иргэд ч мөн байгаа гэж Прокурорын газрын төлөөлөгч мэдэгджээ.
Эдгээр 225 иргэний 175 нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан гэв. Үүнээс гадна 265 хүн эмнэлэгт хэвтэн, 67 хүн эрчимт эмчилгээнд байгаа аж.
Казахстанд болсон жагсаал эсэргүүцэл дарагдсаны дараа эрх баригчид 8 мянга орчим хүнийг баривчилсан тухай ярьж байв. Харин өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр прокурорын газрын төлөөлөгч 672 сэжигтнийг саатуулсан бөгөөд тэдний 446-г нь баривчилсан гэж мэдэгдэв. Прокурорын байгууллагын мэдээлснээр 540 эрүүгийн хэрэг үүсгэсний дотор 44-т нь терроризмын хэргээр хэрэг үүсгэжээ.
КазТАГ агентлагийн мэдээлснээр, тус улс даяар Назарбаевын нэр бүхий гудамжны хаяг самбарууд үгүй болж эхэлжээ. Түүнчлэн Алматы хотын эрх баригчид жагсаалын үеэр эвдэрсэн Назарбаевын өргөн чөлөөний тэмдэглэгээг сэргээх гэж яарахгүй байна тус улсын мэдээллийн агентлаг уламжилав.
Мөн тус улс Нур-Султан хотын нэрийг дахин Астана болгон өөрчлөхийг хүссэн өргөдөлд иргэдийнхээ гарын үсэг цуглуулж байна гэжээ.