Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиов
Улирч буй долоо хоногт Монголын улс төрийн амьдралд тохиосон хамгийн том үйл явдал бол шинэ Үндсэн хуулиа эх барьж авсаны 30 жилийн ой байлаа. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ёсчлон баталсан ардчилсан Үндсэн хууль Монгол Улсыг нийгмийн шинэ харилцаанд шилжих, хүний эрхийг дээлэх, арчилсан шинэ нийгэм байгуулж парламентын засаглалтай улс болох суурь үзэл баримтлалыг хуульчлан бататгасан юм.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
Нийгмийн хөгжлийн үе шат, чиг хандлагын улмаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дөрвөн ч парламент дамжин яригдсан ч хэлэлцэж амжаагүй бөгөөд харин 2019 онд Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ хэлэлцэн баталсан нь төрт ёсыг бэхжүүлэхэд урагш хийсэн чухал алхам болсон юм.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг юм.
Төр төлөвлөгөөт хяналт шалгалтаасаа түр татгалзав
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ” гэж мэдээлсэн юм. Ингэснээр төрийн төлөвлөгөөт хяналт нэрээр бизнес эрхлэгчдэд учруулдаг дарамт шахалт үгүй болох юм.
Гэхдээ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд үүнд хамаарахгүй. Харин үүнээс бусад аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсооно.
Нэг зүйлийг онцлон тодотгоход төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжлэх юм.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл жүжигчин, санваартан хоёроор бүл нэмэв
УИХ-ын Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн батлав.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд дууссан. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулж дэмжигдсэн юм. Д.Жавзандорж багш мэргэжилтэй, түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн. Тэднийг томилохыг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Жүжигчин Ононг монголчууд сайн танина. Харин Д.Жавзандоржийн хувьд 42 настай.1998 оноос 2019 он хүртэл Энэтхэг Улсад Буддын шашаины гүн ухааны мэргэжлээр сурч улмаар багшилж байсан. 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуульд багшилж байна.
Төрийн албаны зөвлөл эмэгтэй гишүүнтэй болов
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилох асуудлыг хэлэлцэж дэмжив. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх тухай гэж Төрийн албаны тухай хуульд заасан бөгөөд зөвлөлийн гишүүн зургаан жилийн хугацаагаар томилогддог.
Шинээр сонгогдсон Цэнддаваагийн Амартөгс нь төрийн удирдлага болон бизнесийн ухааны магистер цолтой, одоо МУИС-ийн докторантаар суралцдаг.
Тэрбээр 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажиллаж байгаад 2020 оноос ТАЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байна.
Цар тахлын дөрөв дэх давалгаа буюу батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь Омиркон хувилбар байна
Хамгийн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд халдварын 2347 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1350, орон нутагт 975, зөөвөрлөгдсөн 22 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас барсан гэжээ.
Ер нь он гарснаас хойш хоногт батлагдсан тохиолдлын тоо 1000 давсан бол ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК-оос анхааруулж байгаа.
Мөн Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг мэдээлэв. Гэхдээ Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас сүргийн дархлаа тогтсон. Тиймээс хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.
Эрээнд гурван сар гацсан ачаа эхнээсээ орж ирлээ
Эрээнд гацсан ачааг татан авах ажлын хэсгийг шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Харин энэ сарын 12-ны өдөр 60 чингэлэг бараа татан авсан байна.
Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 53 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Ингэснээр нийт 294 чингэлгийн татан аваад байна.
Хамгийн ойрын мэдээгээр Эрээн хотод Хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байна. Эдгээр ачааг өдөрт 50-иас доошгүй чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой аж.