Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бага охин Алия Назарбаева Казахстаны ард түмнээс сэтгэл санааны дэмжлэг авч байгаагаа мэдээлжээ.
“Манай улсад болсон эмгэнэлт үйл явдлуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Хохирогчид, нас барсан хүмүүст харамсаж, шаналж буйгаа илэрхийлэх үг олдохгүй байна. Би бүх хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Энэхүү харгис сургамж бидний түүхэн дэх сүүлчийнх байх болтугай. Энхийн цагт хүн үхэж байгаа нь харамсалтай. Та бүхнээс намайг дэмжиж буй үгсэд бас баярлалаа. Аавд маань ёс суртахууны дэмжлэг үзүүлсэнд баярлалаа, тэр өнөөдөр янз бүрийн бүс нутгийн оршин суугчдаас маш олон мессеж хүлээн авч байна" гэж Алия пүрэв гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн захидалдаа дурджээ.
Тэрээр Казахстанд "зөвхөн энх тайван, хөгжил цэцэглэлт", Казахстаны ард түмэнд "сайн сайхан, эрүүл энх" байхыг хүсэв.
"Өөртөө анхаарал тавь" хэмээн анхны ерөнхийлөгчийн бага охин хэлжээ. Алия Казахстанд болсон үймээний талаар Назарбаевын гэр бүлийнхнээс анх удаа мэдээлэл хийсэн нь энэ юм.
Нэмж хэлэхэд Алиягийн энэхүү мэдэгдлээс түүний АНЭУ-д байгаа нь тодорхой болсон бөгөөд харин удалгүй тэрээр цахим хаягаа устгасан тухай мөн мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: https://rus.azattyq.org/