
-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг ямар түвшинд байна гэж харж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал мэдээж нэлээн хүнд байгаа гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Эдийн засагт тулгамдаж байгаа хамгийн том сорилтуудын нэг нь энэ цар тахал буюу ковид. Хоёрдугаарт цар тахалтай холбоотой үүсэж байгаа хил гаалийн хязгаарлалт. Гуравдугаарт Монгол Улсын хувьд эдийн засгийн хамгийн томоохон хүндрэл нь эдийн засаг төрөлжөөгүй гэж хэлж болохоор байна. Яагаад төрөлжөөгүй гэж байгаа вэ гэхээр БНХАУ-тай хил хаах үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгжүүд энд өртөж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл түүхий эд, сав баглаа боодол ч гэдэг юм уу. Эдгээр зүйлсийг БНХАУ-аас худалдаж авдаг. Тэгэхээр нэлээн томоохон хүндрэлүүд үүсч байна. Нөгөө талаасаа хил хааж байгаатай холбоотойгоор экспорт хангалттай хэмжээнд байхгүй. Нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд экспортлож чадахгүй байна. Ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг бас экспортолдог ч энэ жил махан бүтээгдэхүүн хаагдчихсан байдалтай байна.
-Инфляц хоёр оронтой тоо руу орчихлоо. Үнэ ханшийн савалгаа цаашдаа ер нь хэр хүчтэй явагдах бол?
Инфляц монгол улсын 2022 оны томоохон сорилтуудын нэг болно. Яагаад гэхээр Монгол улсын инфляц импортоос хараат байдагтай холбоотой. Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засаг нь төрөлжөөгүй ийм үед бид нар инфляцыг үйлдвэрлэж байна гэж хэлж болохоор болчихоод байна.
Бид ихэнх нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг. Шатахуунаас эхлээд л бүх зүйлийг гаднаас авдаг болохоор импортын инфляц гэж тодорхойлоод байгаа юм. Инфляцад хамгийн том нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь шатахуун байдаг. Наад зах нь талхны уут байхгүй байна шүү дээ. Энэ нь талхаа чөлөөтэй борлуулж чадахгүйд хүргэж байна. Хамгийн наад талын хугацаа бол гуравдугаар сард хил нээгдэнэ. Хил нээгдэхэд импортын бараа бүтээгдэхүүнийг татах гэж нэлээн хугацаа орно. Ковидын шинэ хувилбарууд гарч байгаатай холбоотойгоор Хятад улс хилээ нээсэн ч гэсэн дахин хаахгүй гэх баталгаа байхгүй. Тийм учраас энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүний хомсдол, ялангуяа импортын хувьд маш их эрсдэл байна гэж харж байгаа.
-Эдийн засагчдын тооцооллоор инфляц цаашдаа хэр өсөх тооцоолол байна вэ?
Цар тахлын тодорхойгүй нөхцөл байдлын үед урьдчилж таамаглахад хүнд байдаг. Тиймээс инфляц тэд болно гээд шууд хэлэх боломжгүй болчихоод байна. Тэгэхээр дээшээ хязгааргүй л гэж хэлэхээр болчихлоо.
-Монгол банкны зүгээс хил нээгдвэл эдийн засгийн эрчим нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Энэ нь нааштай нөлөө үзүүлнэ гэсэн үг үү?
Мэдээж хил нээгдэхэд ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ татаад авах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ өнөөдөр Тьянжинд гэхэд л маш олон тооны чингэлэг гацчихсан байгаа. Эдгээрийг татаж авна. Дээрээс нь гурван сар хүртэл дахиад хэдэн чингэлэг нэмж гацахыг бид мэдэхгүй. Хил нээгдсэн ч тэнд үүссэн ачааллыг багасгахад тодорхой хугацаа орно. Тэгэхээр цус сэлгэхгүй барааны эргэлт байхгүй болчхоод байгаа учраас хүндрэлтэй нөхцөл байдал харагдаж байна. Хил нээгдсэн ч ААН-үүдийн үйл ажиллагаа нь хурдан жигдрэхгүй байх гэж харж байна. Яагаад гэхээр авчирсан бараа бүтээгдэхүүний төлбөр мөнгө нь төлөгдсөн үү, төлчихсөн ч гэсэн бараа нь гацчихсан байгаа энэ нөхцөлд эргээд ААН, бизнесийн байгууллагууд нэлээн хохирол амсахаар харагдаад байгаа юм.
-Ковидын халдвар дэгдээд нэлээн хугацаа үдлээ. Тэгэхээр энэ хугацаанд яагаад одоогийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй вэ гэсэн шүүмжлэлүүд олон нийтийн дунд их байна. Таны хувьд?
Эдийн засагчид олон жил энийг ярьж байгаа. Энэ мөчлөг сөрсөн бодлого явуулах гэдэг асуудал байгаад байгаа юм. Энэ нь эдийн засаг өсөлттэй сайн байх үед бид нар төсвөө хумьсан бодлого явуулах ёстой байгаад байдаг.
Төсвөө хумьж тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэх шаардлагатай байдаг. Эдийн засаг муудсан үед эргээгээд төсвөө тэлсэн бодлого явуулах шаардлага байдаг юм. Монгол улсын хувьд Засгийн газраас байнга л төсвөө тэлсэн бодлого явуулж ирсэн. Ажиглаж байхад жил бүр төсвийг алдагдалтай баталдаг. Энэ алдагдал нь жилээс жилд нэмэгдээд явдаг. Ийм нөхцөл байдалтай байж байгаад ямар ч бэлтгэлгүйгээр цар тахалтай эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулчихсан.
Хоёрдугаарт, Монгол улсын гадаад өрийн асуудал байна. Гадаад өрийн асуудлыг сүүлийн 10-аад жил шийдэж чадахгүй явж байна. Томоохон бондуудын өрийг бид өрийг өрөөр буюу урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд яваад байгаа. Энэ өрийн зардал нь ер нь хэр болж байгаа юм бэ гэдэг том асуудал орж ирдэг. Зээл авахдаа бага хүүтэй авч байгаа ч эргээд үүний зардал нь маш ихээр өссөн. Өрийг өрөөр дараад яваад байвал урт хугацаандаа энэ зээлүүдийн үр өгөөж нь хэр юм бэ, Монгол улсын эдийн засаг, ард иргэддээ хэр хүртээмжтэй байсан юм бэ гэдэг асуудал яригдах болчихоод байна. Дээрээс нь гадаадын өрийг бид валютаар авч байгаа. Энэ нь эргээд тодорхой хэмжээгээр ханшинд нөлөө үзүүлж байгаа..
-Үр өгөөжтэй эсэх асуудал яригдана гэлээ. Үр өгөөж байна уу, үгүй юу?
Гадаад өрийг аваад үзвэл нэг их үр өгөөжтэй байж чадаагүй гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр аливаа юмыг зээл авахад юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой байх ёстой байдаг.
Анх зээл авахад юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус байсан. Уг нь төлөвлөгөө гаргаснаар ААН-үүдийг дэмжих шаардлага байсан. Бизнес эрхлэгчдэд зээл өгөөд тодорхой хэмжээгээр бизнесийн орчныг таатай болгоод дорвитой арга хэмжээ авах шаардлага үгүйлэгдсэн. Энэ арга хэмжээгээ харамсалтай нь авч чадаагүй.
Чингис, Гэрэгэ зэрэг томоохон бондоос зээл авсан ч дараагийн зээлүүд нь өмнөх өрөө төлөх гэж, хугацааг нь хойшлуулах гэж л авсан. Энэ нөхцөлд тэдгээр зээлүүд нь үр өгөөжгүй байлаа гэж харж болохоор байгаа юм.
-Засгийн газраас эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд авч байгаа арга хэмжээний алдаа оноог нь юу гэж дүгнэх вэ?
-Төгрөгийн ханшийг сулруулахгүйн тулд Монгол банк нэлээн дорвитой арга хэмжээг авч байгаа. Өдөр болгон маш их хэмжээгээр интервэнт хийж байна. Дан ганц Монгол банкны авч байгаа арга хэмжээнүүд нь хангалттай хэмжээнд байхгүй болчихоод байгаа юм. Энэ дээр эдийн засгийн хангалттай хэмжээний дэмжсэн бодлогууд нь явах хэрэгтэй байна. Аль болох бизнесийн орчныг сайжруулах, маш олон тусгай зөвшөөрөлийг түтгэлзүүлэх, экспортлох боломжуудыг нь нээж өгөх хэрэгтэй. Төрийн өмчит компаниудаасаа салах цаг хугацаа нь болчихсон. Олон жил энэ асуудлыг ярьж байгаа. Яагаад төрийн өмчит компаниудыг онцолж байна гэхээр ашигтай ажилласан ч, ашиггүй байсан ч төсвийг нь улсаас өгөөд яваад байдаг.
Өөрөө өөрсдийгөө авч явж чадахгүй байгаа компаниудыг татан буулгах эсвэл сэргээгээд хувьчлах хэрэгтэй юм. Тэгснээр эдийн засагт дорвитой алхмууд гарна гэж харж байгаа юм. Сүүлийн 30 жилд төрийн өмчит том том компаниудыг дусал залгачихаад л хүчээр байлгаад байна шүү дээ.
Эдгээр компаниудаа зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй гэж харагдаад байгаа.
-Төрийн өмчиийн тийм компаний жишээ дурдвал?
Тийм компани гээд хэлэх тохиромжгүй юм. Гэхдээ маш олон төрийн сангууд байна. Газар тариалан эрхлэгчдийн сан байна. Тэндээс задлаад үзвэл томоохон компаниуд гараад ирнэ. Хөдөө аж ахуйн сан гэхэд л Гацуурт компани байна. Нэг талаасаа тариалсан талбайгаар нь улсаас татаас өгч байгаа. Жижиг хувь хүмүүст ч өгч байгаа. Эндээс харахад том зах зээл дээрх Гацуурт жижиг компани хоёрыг харьцуулах боломжгүй. Тэгэхээр энэ нь нэг талаасаа ард иргэдийг эрүүл хүнсээр хангах гэдэг асуудал гарч ирэх ч зах зээлийн зарчмаараа компаниуд чинь цаашаагаа хөгжих шаардлагатай. Дээрээс нь шударга өрсөлдөөний зарчмууд алдагдаад байгаа юм.
-Сүүлийн асуулт. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ЭМД-ын сангийн 14 тэрбум төгрөгийн өрийг Монгол банкн өөрөө гаргаад өгчихсөн. Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ? Төр өөрийнхөө авах авлагыг өөрөөсөө гаргаад буцаагаад авчихаж байгаа юм биш үү?
Энэ бол болохгүй зүйл л дээ. Монгол банк өөрөө хяналтын үүрэгтэй. Хяналтын үүрэг нь нэг талаасаа үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд хэвийн үйл ажиллагаа явуулж чадаж байна уу, дүрмийн сан нь хэчнээн хэмжээнд байна гэдэгт жил бүр тайланг нь авч хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага шүү дээ. Тэгэхээр энэ үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж чадаагүй гэж хэлж болохоор болчихоод байгаа юм. Нэг талаасаа үйл ажиллагаа нь доголдчихсон банкинд санхүүгийн эх үүсвэр өгөх нь байж боломгүй зүйл. Энэ нь Монгол банкны үүрэг биш. Хэрвээ үйл ажиллагаа нь ингээд доголдчихсон байгаа бол татан буулгах үүрэгтэй. Эсвэл үйл ажиллагааг нь Bill out хийгээд явах шаардлагатай байдаг. Үйл ажиллагаагаа өөрсдөө цаашаа үргэлжлүүлэх боломжтой гэж үзвэл гаднаас өөр эх үүсвэр татах шаардлага байдаг. Тэгэхээр энэ үүргээ Монгол банк талаас алдчихсан гэж харагдаад байгаа юм. Тухайн арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцож эх үүсвэр олгох нь Монгол банкны үүрэг биш. Нөгөө талаасаа ҮХОБ-нд мөнгө олгосон нь хараат бус үйл ажиллагаа явуулах үүрэгтэй газар ийм асуудал гаргасан нь улс төржсөн, улс төрийн нөлөөлөл орсон гэж харагдаж байна.
Ярилцсан: Сэтгүүлч Б.Мөнх-Эрдэнэ

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал