УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Үйл ажиллагаа явуулах өчнөөн зөвшөөрөл авч байгаа ч тэрийгээ жил болгон шинээр зөвшөөрөл хүсэж байгаа юм бүх материалаа бэлдэж өгдөг. Тэр зөвшөөрлийг нь төрийн албан хаагчид нь ямар нэгэн байдлаар гацаадаг ч юм уу, буцаадаг, авилгал нэхдэг байдал маш түгээмэл болчихсон.
Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулийн ач холбогдол нь юундаа байна вэ гэхээр нийт тоог нь бууруулах, хоёрдугаарт зөвшөөрлийн шинжтэй дүрэм журмуудыг цэгцлэх, гуравдугаарт 3-5 жилээс доошгүй хугацаагаар зөвшөөрөл өгч байх. Сунгахдаа энгийн процессоор сунгадаг байх. Ийм байдлаар бид ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжье гэсэн зорилготой юм.
Зөвшөөрлийг олгох процесс нь тодорхой болж, зөвшөөрлийг тухайн төрийн байгууллага нь хуульд заасан хугацаанд нь өгөх ёстой. Өөрөөр хэлбэл 30 хоногийн хугацаанд багтаж зөвшөөрөл олгохгүй байвал зөвшөөрөл олгосон гэж тооцно. Зөвшөөрөл олгохгүй гэх шийдвэр гаргасан бол шалтгаанаа маш тодорхой заах шаардлагатай болно.” гэв.
Х.Соёл