ОХУ, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн Женевт хийсэн аюулгүй байдлын хэлэлцээ ямар нэг амжилт гаргалгүй өндөрлөсөн ч хоёр орны сөргөлдөөнийг хурцатгахад хүргэсэнгүй.
Даваа гарагт Женевт Орос, АНУ-ын төлөөлөгчид Москвагийн НАТО-оос хүсч буй аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцсэн юм. Орос улс НАТО-г зүүн тийш тэлэхээс татгалзахыг хүсч байгаа ч Вашингтон Украин болон бусад орны хувь заяа, хүсэл эрмэлзлийг тэдний оролцоогүйгээр хэлэлцэхээс татгалзаж байгаа юм. Уулзалтыг ОХУ санаачилсан бөгөөд хэлэлцээ хаалттай хэлбэрээр явагдаж, бараг найман цаг үргэлжлэв.
ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман нар энэ удаагийн уулзалтыг тэргүүлэв. Гэвч үүний эцэст талууд зөвхөн одоо байгаа байр сууриа л тогтоов. Тухайлбал, Москва НАТО-г цаашид өргөжүүлэхээс татгалзах баталгааг АНУ-аас шаардаж, харин Вашингтон Украйны хилийн ойролцоо оросын цэргийг нэмэгдүүлэхгүй байхыг уриалав.
Үүний зэрэгцээ Рябков "Орос Украин руу довтлохгүй" гэж хэлсэн бол Шерман АНУ Европт пуужин байрлуулах, цэргийн сургуулилтын цар хүрээний талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
Хэлэлцээний өмнөхөн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид Путиныг ЗХУ-ыг сэргээх төлөвлөгөөтэй байна гэж буруутгасан бол, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд НАТО-гоос 1997 оноос өмнөх байрлалуугаа буцахыг шаардсан байна.
ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлсэн ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков энэ яриаг хүнд хэцүү, гүн гүнзгий, тодорхой, мэргэжлийн өндөр түвшинд болсон гэж тодорхойлжээ. Түүний үзэж байгаагаар нөхцөл байдал найдваргүй биш бөгөөд аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоонд хүрэх үндэслэл бий гэв.
Харин Америкийн төлөөлөгчдийг тэргүүлсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч хатагтай Вэнди Шерман Женевт хэлэлцээр хийгээгүй, харин талуудын байр суурийг тодорхой болгохоор ярилцсан гэж мэдэгдэв. Тэрээр мөн яриа хэлэлцээг нээлттэй, шууд гэж нэрлээд өнөөг хүртэл талууд бие биенээ ойлгохыг хичээж байгааг тэмдэглэв.
Женев дэх хэлэлцээ нь энэ долоо хоногт хийхээр төлөвлөж буй гурван уулзалтын эхнийх нь юм. Тодруулбал, НАТО-Оросын зөвлөлийн хэлэлцээр өнөөдөр буюу лхагва гарагт Брюссельд болох бол Пүрэв гарагт Вена хотноо ЕАБХАБ-ын хүрээнд стратегийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ.