Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдварын омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
"Омикрон хувилбар болон томуугийн дэгдэлттэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зохион байгуулалтыг эрүүл мэндийн салбар хэрхэн явуулах асуудлыг хэлэлцлээ.
УОК-ын өнөөдрийн хурлаар хөл хориог тогтоох, хязгаарлалт тавих шийдвэр гаргаагүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд 66.6 хувь гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. Дөрөвдүгээр тунд өнгөрсөн долоо хоногоос эхлээд иргэдийг хамруулахад одоогоор хоёр мянга гаруй хүн хамрагдаад явж байна.
Цаг үеийн нөхцөл байдлын тухайд манай улсад томуу болон томуу төст өвчний халдвар маш өндөр байна. Үүнтэй зэрэгцэн Омикрон хувилбарын буюу халдварын дөрөв дэх давлагаа эхэлж байна. Судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын 10-ны орчимд халдварын оргил үе тохиолдоно. Оргил үедээ өдөрт 18-20 мянган халдварын тохиолдол бүртгэгдэнэ гэх тооцоолол байна. Нэмэлт тун маш өндөр үр дүнтэй байгааг олон улсын судалгаанууд харуулж байгаа. Тиймээс иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагтай байна.
Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул халдварын давлагааны идэвхтэй үед олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье.
Омикрон хувилбарын тархалт маш өндөр байгаа учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Хүний нөөц, ажиллах хүчний дутагдалд орох эрсдэл байгаа тул арга хэмжээ авах зөвлөмж өгч байна." гэв