Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан мэдээллийг өгдөг.
Р.Хас-Очир: Ахуйн хүрээнд өнгөрсөн 7 хоногт 27 хүн угаартсан
Өнөөдрийн мэдээллээр Нийслэлийн цагдаагийн газраас хошууч Р.Хас-Очир Улаанбааатар хотод хэрэгжүүлсэн агаарын чанарын тал дээр авч хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Ингэхдээ тэрбээр "Өрхүүдэд угаар мэдрэгч тараах, эвдэрсэн угаар мэдрэгчийг засах ажлууд хийлээ. Түүхий нүүрс болон агаар бохирдуулагч эд зүйлс шатаасан эсэх мэдээллийг иргэд ирүүлсэн.
Төвийн зургаан дүүрэгт утаа үүсгэгч бүхий эд зүйлс шатаасан гэх 18 дуудлага ирсэн юм. Бид шалгаж үзэхэд зөрчлийн шинжгүй байсан.
Иргэд ахуйн хүрээнд угаартах тохиолдол гарсаар байна. Нийт 8 дуудлага хүлээн авч, 27 иргэн хүнд болон хүндэвтэр байдлаар угаартсан. Тэдний тал нь хүүхдүүд байна. Нас барсан тохиолдол байхгүй. Ханан пийшинтэй, яндангаа хөөлөөгүй, яндангийн битүүмж муутайгаас угаартах тохиолдол гарсаар байна." гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Таван толгой түлш” компанийн бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллахад стандартыг бүрэн хангасан шахмал түлш нийлүүлж байгаа нь шалгалтаар тогтоогсдсоныг дурдав.
Д. Миняа: Галын улмаас нийлүүлэлт саатаагүй
“Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа "Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаа, СХД-ийн цагдаагийн хэлтэс хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 617 цэгт борлуулалт хийдэг. Галын улмаас нийлүүлэлт саатаагүй. Зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөө борлуулж байна. Дөрөвдүгээр сарын 1 хүртэл бид түлшээ 50 хувийн хямдралтай үнээр борлуулна. Хоногт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Баярын өдрүүдэд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. " гэлээ.
Б.Пүрэвсүрэн: Өнөөдрөөс 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "21350 тонн шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг Цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өндөрлөг газар бүхий, борлуулалтын цэгээс алслагдмал гаруудад явуулын цэг очно. 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно. Энэ ажлыг нийслэлийн Халамжийн газар хэрэгжүүлнэ.
Шадар сайдаас өгсөн даалгаварт нийт 18 ажил багтсаны 15 нь хяналт шалгалтын ажлууд. Иймд бид өнгөрсөн долоо хоногт гэр хорооллын айлууд түүхий нүүрс түлж байгаа, эсэхэд шалгалт явуулав. Мөн галлагааны бүс материалыг ашиглаж (дугуй, хаймар гэх мэт) байгаа эсэхийг шалгав.
Нийслэлд түүхий нүүрс ашиглах зөвшөөрөлтэй 20 орчим байгууллага бий. Тэдний яндангийн шүүлтүүрийг мөн шалгав. Эдгээр шалгалтын дүн мэдээг хараахан нэгтгээгүй байна.
Айлууд таван төрлийн зуух хэрэглэж байна. Төрөл тус бүрд зориулан айлуудад өөр өөр зөвлөмж өгөх шаардлага гарлаа. Учир нь түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна. Иргэд бидэнд мэдээлэл өгч байгаа нь сайн хэрэг. Иргэд болон модны худалдаачид модны эрэлт ихээхэн буурсан талаар хэлдэг. Иргэд мод хэрэглэх нь буурснаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж, утаа үүсгэж байна.
Сайжруулсан түлшний эрэлт жил бүр нэмэгдсээр байна. 2021 онд 2000 импортын зуух худалдсан нь өмнөх жилүүдийнхээс 10 дахин буурчээ. Үүнээс стандартын бус зуухны худалдаа буурсныг харж болно. Тэгэхээр иргэд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэв үү гэдгийг судалж байна.
Шуудай шахмал түлш 1875 төгрөг байхад шуудай модны үнэ 6500 төгрөг байгаа нь иргэд зуухандаа үргэлжлүүлэн шахмал түлш хийж байгаа нь ноцолт биш уугилт удаан явагдаж байна.
Нийслэл ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавина. Ердийн зууханд болон сайжруулсан зууханд шахмал түлш түлэхэд ямар ялгаа гарч байгааг судалж байна. Судалгааны дүгнэлт удахгүй гарна. Иргэд галлагааны зааврыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. Ханзархай зуухтай, ханан пийшин хагарсан бол битүүмжлэх шаардлагатай.
Нийслэлийн агарын чанарыг 15 станцын мэдээллийг нэгтгэн боловсруулдаг. Өнгөрсөн долоо хоногт Баянхошуу, Дамбадаржаа гэх мэт гэр хорооллын зарим газарт агаарын чанар муу байжээ." хэмээн мэдээлэл хүргэлээ.