Ерөнхийлөгч Токаев Казахстанд сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлуудыг "дээрэмчид, террористуудын" халдлагын үр дүн гэж мэдэгдэв.
"Бид дотоод, гадаадын зэвсэглэсэн, бэлтгэгдсэн дээрэмчидтэй нүүр тулж байна. Тэд бол жинхэнэ дээрэмчид, террористууд" гэж Токаев нэрлэж буй. Түүний хэлснээр зөвхөн Алматы руу гэхэд л 20 мянган “дээрэмчин” дайрчээ.
Би-Би-Си-ийн Оросын албаны шинжээчдээс Казахстаны гудамжинд гарсан эмх замбараагүй байдлын ард хэн байж болохыг тодруулахыг зорьжээ.
"Дээрэмчид" гэж хэн бэ?
Ерөнхийлөгч Токаев Казахстаны гудамжинд гарсан иргэдийг “хорлон сүйтгэгчид”, хуйвалдагчид, “олон улсын террорист бүлэглэл” гэж нэрлэж байна.
"Бууж өгөхгүй байгаа хүнийг шууд устгах болно" Казахстаны Ерөнхийлөгч Токаевын энэхүү устгах тушаал эсэргүүцлийн жагсаалыг намжаахад тус болсон нь мэдээж.
Харин BBC-д ярилцлага өгсөн шинжээчид улстөрчийн дээрхи үгэнд эргэлзэж байна.
"Хэрэв та эрх баригчдын өмнө нь "террорист халдлага" гэж нэрлэдэг байсан үйл явдлыг анхааралтай ажиглавал элитүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбоотой илүү төвөгтэй дүр зургийг харж болно" гэж Британийн Хатан хааны олон улсын хүрээлэнгийн шинжээч Кейт Маллинсон хэлжээ.
Британийн шинжээч Бенжамин Годвин энэ үгтэй мөн санал нэг байгаа юм. Тэрээр хэлэхдээ, эхэндээ Казахстаны янз бүрийн хэсэгт жагсагчид өөр өөр шаардлага тавьж байсан.Тухайлбал, эсэргүүцлийн жагсаал анх эхэлсэн Мангистау мужид иргэд шатахууны үнийг бууруулахыг шаардсан байв. Харин тус улсын газрын тос ихтэй бүс нутгийн оршин суугчид болохоор хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах шаардлага тавьж байсан юм.
Бусад зарим хотод Казахстаны үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байсан бол олон жагсагчид зүгээр л өөрчлөлт хийх шаардлагатайг сурталчилж байв. Энэчлэнгээр тэдэнд тодорхой томъёолсон шаардлага байгаагүй. Учир нь удирдагчид, зохион байгуулалт байхгүй байв. Анх ийм л байв.
Гэвч нэгдүгээр сарын 5 гэхэд байдал огцом өөрчлөгдөж, зэвсэглэсэн бүлэг хүмүүс гудамжинд гарч иржээ. Тухайн өдрийн орой хэд хэдэн авто машин гудамжаар явж, автомат буугаар зэвсэглэсэн хүмүүс машинаас гарч ирэв. Энэ нь зохион байгуулалттай бүлэглэлүүд, дээрэмчид гудамжинд үйл ажиллагаа явуулж байгааг ил болгосон. Зарим бүлэг хүмүүс банк дээрэмдэж эхэлсэн. Энэ бол эсэргүүцлийн хөдөлгөөн байхаа больсон гэдгийн нотлгоо байв. Анхлан эдийн засаг, улс төрийн шаардлагаар гудамжинд гарч жагссан иргэд гэртээ л үлдсэн. Тэд зүгээр л гадагш гарахаас айдаг болсон "гэж Годвин хэлэв.
"Алматы болон бусад хотуудын гудамжинд бидний харсан зэвсэгт бүлэглэлүүд жагсаал цуглаантай шууд холбоогүй. Тэд Назарбаевын гэр бүл, Токаев нарын одоогийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбоотой" гэж шинжээч хэлэв.
Гэхдээ шинжээчид Токаевын хэлсэн 20 мянган "дээрэмчин" гэсэн тоог хэтрүүлсэн байх магадлалтай гэж байна. Учир нь Тагнуулын төв газрын мэдээлснээр 20-30 мянган хүн бол 2014 онд Сири, Иракт хамгийн их газар нутгийг хянаж байсан "Лалын улс" бүлэглэлийн бүх дайчдын тоо юм.
Казахстанд хэт даврагчид олон байгаа юу
BBC-д ярилцлага өгсөн шинжээчид одоогоор Казахстанд шашны хэт даврагчдын хүчирхэг төв байхгүй гэдэгтэй санал нэг байна. Тус улсын зарим иргэд 2014-2018 онд Исламын улс бүлэглэлийн дайчдын эгнээнд нэгдэж, Сири рүү явсан ч тэдний тоо цөөн байсан. Казахстанд буцаж ирснийг нь шүүж, тэдний олонх нь одоо шоронд байгаа.
Шинжээч Маллинсон "Радикал исламистуудын үүргийг арай л хэтрүүлчихлээ. Казахстан алан хядагчдын үржлийн газар биш" гэжээ.
2010 оны эхний хагаст Казахстан дахь радикал исламистуудын эсрэг хэд хэдэн ажиллагаа явуулжээ. Гэвч эрх баригчидтай ил задгай сөргөлдөөн хийсэн дайчдын бүлэг цөөн байсан.
Казахстаны аюулгүй байдлынхан зэвсэгт эсэргүүцлийг дарах үр дүнтэй, хурдан арга хэмжээ авахад бэлэн биш байгааг шинжээчид тэмдэглэв.
Техасын их сургуулийн профессор Эдвард Лемон “одоогоор ямар нэгэн радикал бүлэглэл засгийн газрын ордон руу дайран орсон гэх нотлох баримт байхгүй байна. Гудамжинд гарсан хүмүүсийн зарим нь эрс тэс үзэл бодолтой байж магадгүй. Гэвч тэдний үйлдлийг гаднаас нь террорист байгууллагууд удирдаж байна гэж үзэх үндэслэл одоогоор алга байна" гэжээ.
Зэвсэгт үймээн гаргагчдын ард хэн байж болох вэ?
Зэвсэгт бүлэглэлийн ард хэн байж болох талаар шинжээчид санал зөрөлдөж байна.
"Эдгээр хүмүүс маш сайн бэлтгэгдсэн нь илэрхий байгаа бөгөөд Токаевын нэр хүндийг гутааж, түүнийг огцрохыг шаардахын тулд тэднийг байрлуулсан бололтой" гэж Годвин үзэж байна.
Вашингтоны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор Эрика Марат “Үймээн дэгдээсэн хүмүүсийн заримыг эрх баригчид хөлсөлсөн гэх хувилбарыг би үгүйсгэхгүй.
Профессор Дэйви 1-р сарын 5-6-нд болсон үйл явдлыг тусгай албаныхан өдөөн хатгасан байхыг үгүйсгэхгүй: "Нисэх онгоцны буудлыг булаан авах, барилга байгууламж, түүний дотор цэргийн байгууламж руу халдлага хийх, дээрэмдэх - энэ бүхнийг тусгай албадын оролцоогүйгээр хийх боломжгүй. Улс төрийн элитүүдийн зарим төлөөлөгчид нөхцөл байдлыг тогтворгүй болгож, Токаевын эрх мэдлийг алдагдуулж, байр сууриа бэхжүүлэхийг хүсч байна "гэжээ.
Ольга Ившинагийн бичсэнийг товчлон авав
Эх сурвалж: ВВС