Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна.
Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна. Иймд УИХ-ын дарга, ХНХ-ын сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байна.
Бид хэцүү байна гэж байнга хэлдэггүй. Одоо бол үнэхээр хэцүү байна. Биднийг хөлдөж, өлсөж үх гэж байгаа юм уу. Монголын хилээр албан ёсоор нэвтрүүлдэггүй эмүүдийг бид хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг" гэв.
Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар "Халамжаас авдаг 280 мянган төгрөг бидний амьдралд хаана ч хүрдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдоход хомс байхад яагаад нэмэлт мөнгийг нь зогсоож байгаа юм бэ? Үнэндээ энэ 280 мянган төгрөг ч хаанаа ч хүрдэггүй байтал төр засгаас яагаад нэмэгдэл 100 мянган төгрөгийг өгч яагаад болдоггүй юм бэ. Төр засаг үүнд зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна." гэв.