Алматы болон бусад хотуудад өнгөрсөн шөнө олон хүн амиа алджээ
Алматы хотод 2000 орчим хүн саатуулагдаж, цагдаагийн хэлтэст хоригдож байгаа талаар Orda.kz өөрийн телеграм сувагтаа мэдээлэв.
Алматы болон Казахстаны бусад хотуудаас 1-р сарын 5-наас 1-р сарын 6-нд шилжих шөнө олон хүн амиа алдсан тухай мэдээлэл цацагдаж, гудамж, эмнэлгүүдэд байгаа цогцосны гэрэл зураг, бичлэг сүлжээгээр цацагдаж байгаа ч энэ талаар нэгдсэн мэдээлэл алга байна.
Аюулгүй байдлын албаны 13 хүн амь үрэгдсэн
Казахстанд болсон үймээний үеэр аюулгүй байдлын албаны 13 ажилтан амь үрэгдсэн тухай Алматы хотын комендатур мэдээллээ. Мөн хууль сахиулах байгууллагын хоёр ажилтны толгойг тасалсан гэх мэдээлэл байна. Гадны террорист байгууллагууд, тухайлбал Сири, Иракт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэлүүд л ийм юм хийдэг. Тэгэхээр гаднаас бэлтгэгдсэн алан хядагчид орж ирсэн гэх мэдээллийг нотолж байна гэлээ.
Казахстан гадаадын иргэдэд хилээ хаажээ
Казахстаны эрх баригчид гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон тухай РИА Новости агентлаг хөрш Узбекистан дахь Казахстаны ЭСЯ-ны мэдээлэлд үндэслэн мэдээллээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Казахстанд болсон үйл явдлыг гадны хүчний явуулга гэв
ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд “Бид найрсаг хөрш оронд болж өнгөрсөн үйл явдлуудыг гаднаас санаа авсан, бэлтгэгдсэн, зохион байгуулалттай зэвсэгт ангиудыг ашиглан төрийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд хүчээр халдах гэсэн оролдлого гэж бид үзэж байна.
Энэ мэдэгдлээрээ Москва Хамтын аюулгүй байдлын гэрээний хүчнийг Казахстан руу илгээсэн алхмаа зөвтгөж байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу "түрэмгийлэл" (аюулгүй байдал, тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд заналхийлсэн зэвсэгт халдлага) тохиолдсон тохиолдолд цэргийн тусламж үзүүлэх ёстойг ГХЯ мөн адил санууллаа.
Казахстаны эсрэг түрэмгийлэл үйлдсэн гадны ямар хүчин болохыг хараахан тайлбарлаагүй байна.
Казахстаны Засгийн газар шатахууны үнийн түр зохицуулалт хийлээ
Казахстаны Засгийн газар шатахууны үнийн түр зохицуулалтыг 180 хоногийн хугацаатай хийлээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлэв.
Шингэрүүлсэн хийн жижиглэнгийн борлуулалтын үнэ нь тухайн улсын бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг. Тиймээс, Актобе, Атырау, Мангистау мужуудад үнэ литр тутамд 50 тенге (8, 75 рубль), алслагдсан бүс нутагт (200 км-ээс дээш) литр тутамд 55 тенге (9.62 рубль) байх болно.