Улаанбаатарыг утаанаас салгасан МАН-ын бахдам амжилт Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаярын үед утгаараа замхарч байна. 50 хувь буурчхаад байсан утаа эргээд тамтагтаа тулж, гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Утаатай тэмцэх ажил урагшлах биш ухарч байхад Д.Ихбаяр орлогч юу хийв. Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн Д.Ихбаяр телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод тун чиг завтай яваа харагдана лээ. Улаанбаатарчууд утаан дундаа угаартаж суухад эрхэм дарга эхнэрийнхээ заавраар тогоо, шанага эргүүлээд явж байх жишээтэй. Үүрэгт ажил, үүрэг хариуцлага гэдэг зүйл энэ улсад алга болжээ.
Эрхэм орлогчийн ажлын үр дүн нүдэнд харагдах утаагаар хэмжигдэх учиртай. Гэтэл өдрөөс өдөрт утаа өтгөрөн сааралтаж Улаанбаатарчууд хэвийн хэмжээнээс 8-20 дахин их бохирдолтой агаараар амьсгалж явна. Нийслэлийн 1.5 сая иргэний амь нас, эрүүл мэндийг хорт утаанаас хамгаалах гарц шийдэл Агаарын бохирдол хариуцсан орлогчид байхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа. Нийслэлийн өмнө тулгамдсан энэ том асуудлыг шийдэхэд Д.Ихбаяр орлогч үнэхээр жулдаж байна.
Энэ өвлийн утаатай тэмцэх ажил анхнаасаа л мордохын хазгай гэдэг болсон. Өнгөрөгч 10 сард сайжруулсан түлш хайсан гэр хорооллын иргэд дөн өвлийн хүйтэнд дүүрэг дамжин гүйлдэж байлаа. Удалгүй түлш савлах шуудайгүй болсон. Хотын даргын инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж байсан Д.Ихбаяр ядаж шуудайны асуудлыг нааштай шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч бас талаар болсон. Дотоодод үйлдвэрлэсэн шуудайгаар нүүрсээ савлах санал, санаачилга ядаж түүнээс гарсангүй. Харин өнөөдөр сайжруулсан түлшний үйлдвэр галд шатчихлаа. Утаатай тэмцэх ажил нэг л бүтэлгүй явна.
Улаанбаатарын утааг бууруулсныхаа үр дүнд МАН 3 сонгууль дараалан хотод ялалт байгуулж чадсан. Харин одоо албан тушаалын “лифт”-ээр өндөр суудалд заларсан ардын намын залуусын ажлын хариуцлагагүй байдал Улаанбаатарчуудыг угаартуулж, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж байна. “Улаанбаатар утаатай харагдаж байвал МАН-д элсчих. Утаа үнэртэж, харагдахаа больчихно” гэх үгс сошиал трэндийн нэг хүртэл боллоо.
Тархинаас нь шийдэл, гараас нь ажил гардаггүй хүнд нийслэлийн өмнө тулгамдсан чухал асуудлыг хариуцуулах хэрэг байна уу эрхэм Хотын дарга аа! Д.Ихбаяр энэ албан тушаалд үнэндээ сулдаж бас жулдаж байна.
Г.Жүгдэр