Энэ оны эхний өдрөөс автомашины зориулалттай байгалийн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж, улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Байгалийн хийн үнийн өсөлт дээр шатахууны үнийг чөлөөлсөн нь иргэдийг туйлд нь хүртэл бухимдуулж, улмаар цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгээд байсан. Иргэд үнийн өсөлтийг бууруулах, ийм байдалд хүргэсэн эрх баригчдыг огцрохыг шаардаж байсан юм. Харин Казахстаны эрх баригчид улс орондоо онц байдал тогтоогоод байсан.
Гэсэн хэдий ч шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй иргэдийн бослого ноцтой байдалд хүрэх төлөвтэй болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар Казахстан улсын Засгийн газар огцорч байгаагаа зарлажээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.
"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.