Умард Солонгос улс өнөөдөр өглөө зүүн эргийн тэнгист үл мэдэгдэх зэвсэг туршсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Өмнөд Солонгос болон Японы талаас үл мэдэгдэх зэвсгийг баллистик пуужинтай төстэй байсан гэж мэдээлсэн ч хараахан батлагдаагүй байна.
Шинэ он гарснаас хойш Умард Солонгос анхны пуужингийн туршилтаа хийлээ. НҮБ тус улсыг баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хатуу хориглосон юм.
Гэсэн ч өнгөрсөн жилийн ес, аравдугаар саруудад удаа дараалан хэд хэдэн зэр зэвсгийн туршилт хийсэн нь амжилттай болсон гэж өрнөдийн эх сурвалжууд мэдээлэв. Умард Солонгос өнгөрсөн жил шинэ төрлийн холын зайн, дуунаас хурдан баллистик пуужингуудыг туршсан аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон Умардын эрх баригч Хөдөлмөрчдийн намын хурлаар удирдагч Ким Жон Ун цэргийн технологи хурдацтай хөгжиж байгааг дурдсан юм.