Арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2005 онд төрсөн 16 настай А, Т нар Хангай хотхоны орчим автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 17 машины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, эвдэлсэн хэрэг гарсан.
Хүүхдүүд мэдүүлэгтээ: “Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн. “Гарч машины дугуй хагалъя” гэж хоорондоо тохиролцож, гараад автомашинуудын цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Тэгвэл Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дээрх хэрэгтэй ижил, төстэй хэргүүд бүртгэгдэх нь ихэсчээ. Тодруулбал, 14-16 насны өсвөр насны хүүхдүүд бусдын автомашины дугуйг санаатай шивж хагалах, дээр нь сараачих зэргээр сүйтгэж байгаа аж. Сүүлд Баянзүрх дүүргийн 16-р хороолол орчмын нутаг дэвсгэрт бүлэг хүүхдүүд бусдын автомашины дугуйг хагалж, будгийг зурж сараачсан тухай хохирогч М хэлсэн юм. Тухайн хохирогч хэлэхдээ:
"Байрны гадна байрлуулсан автомашины дугуйг хадаасаар шивээд хагалчихсан байсан. Ойролцоох дугуй засварын газарт очиход дугуйгаа хагалуулсан, будгаа зуруулсан хүмүүс их ирж байгаа гэсэн. Хяналтын камер шүүлгэхэд 3-4 хүүхэд харагдсан. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна" гэсэн юм.
Бид уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад өсвөр насны хүүхдүүд холбогдсон энэ төрлийн хэрэг мэр сэр бүртгэгдэх болсон гэв.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжоор хангахыг сэрэмжлүүлж байна.