Төрийн албаны зөвлөл Ковидын хуулиар "сонгон шалгаруулалтгүй" томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлнө гэж мэдэгдлээ. Хэрэв хэрэгждэг бол зөв л жишиг. Гэвч Цар тахлын хууль үйлчилж буй энэ цаг дор ТАЗ шүдгүй арслан лугаа болсон. Нэгэнт хамаг томилгоог нь Засгийн газар хийчихэж байгаа болохоор ТАЗ-ийн орших эс оршихуйн асуудал ч яригдсан удаатай.
Хэрэв ТАЗ үнэхээр хэлсэндээ хүрээд сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө гэвэл 1000 гаруй хүний сандал суудлын асуудал яригдана гэсэн үг. Үүнийг тодруулж харвал:
Төрийн захиргааны удирдах албан тушаалд 264 хүн
Төрийн тусгай албаны удирдах албан тушаалд 90 хүн
Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн томилогджээ.
Нийт 1036 иргэн ковидын хуулийн нэршлээр томилогдсон гэдгийг Төрийн зөвлөлийн албанаас мэдээлж байв.
Энэ хуулийн дагуу Засгийн газрын түвшинд тооцоход гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байсан удаатай.
Тэгвэл энэ хүрээнд ойрын үед хамгийн багадаа төрийн захиргааны удирдах албан тушаалын 264 хүн, төрийн тусгай албаны удирдах албан тушаалын 90 албан хаагчийн халаа томилгооны асуудал яригдах нь тодорхой байна.
Ажлаас чөлөөлөгдөх ТНБ-ийн дарга нар
Төрийн алба гэдэг бол чадавх дээр суурилсан институц. Гэтэл ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилсноос төрийн албаны чадавхи муудсан. Одоо дуулдаж буйгаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдсон ба үүнд ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн нар багтаж байгаа юм. Тэгвэл одоо эдгээр дарга нарыг ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулах болж байна. Гэхдээ энэ дарга нарын хувьд ном журмынх нь дагуу сонгон шалгаруулалтад ороод албан тушаалдаа эргэн ирэх боломж нь бас бий.
Шинээр байгуулагдах хоёр яамны сайд нар хэн бэ
Энэ онд хийгдэх хамгийн амттай томилгоонууд Засгийн газрын сайд нарыг давхар дээлжүүлэх үеэр хийгдэнэ. Гэвч хүсэхэд хясна гэдэг шиг давхар дээлийн гомдол ҮХЦ дээр гацчихаад байна. Энэ бол Засгийн газарт шинээр хэн ирэх, хэн нь явах вэ гэсэн асуудал дээрээ тохиролцоогүй байна гэсэн үг.
Ерөнхий сайд танхимаа хоёр яамаар нэмэгдүүлэх ногоон гэрлээ асаачхаад хүлээж байна. Инноваци, Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн гэсэн хоёр яамны тухай юм. Шинээр байгуулагдах хоёр яамныхаа сайд нарыг давхар дээл өмсгөнө. Харин нь хэн байх вэ гэдэг нь бараг тодорчихсон. Цахим хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал нэрлэгдэж буй. Түүнийг давж гарч сайдад амбицлах хүн одоогоор лав үгүй. Хариуцсан агентлагийнх нь бааз суурин дээр нь байгуулагдаж байгаа болохоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сайд болох амбиц мэдээж байж таарна. Гэхдээ “Солийг солив” гэдэг шиг дан дээлтэй сайд нараасаа салж ядаж байж дахиад нэгийг танхимдаа урихгүй нь тодорхой. Б.Болор-Эрдэнийн хувьд дэд сайд, ТНБД гэхчлэн том даргын суудалд торж үлдэх нь магад.
Харин хэзээ мөдгүй хаалгаа нээхээр хүлээж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын нэр одоогоор эцэслэн тогтоогүй байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Шинэхэн яамны шижигнэсэн сайдад горилж байгаа 4-5 хүний нэр ус дуулдаж байгаа ч энэ дундаас хоёр хүн дахин давтан яригдаад байгаа нь учиртай. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн яамыг зунжин намаржин хараалсан гэвэл хэтрүүлэг биш. Түүний хувьд угийн чадварлаг бизнесмэн, УИХ-д хоёр удаагаа сонгогдсон. Улс төрийн ажлын туршлагатай, одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлж байгаа гэхчлэн ерөнхий зургаараа сайдын болзлыг торох юмгүй хангах нэгэн.
Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Чойжилсүрэнгийн нэр үе үесхэн дуулдаж байна. Сангийн сайдаар ажиллаж байсан, бас л боломжийн кандидат. М.Энхболдын фракцийн төлөөлөл гэж харагддаг нэгэн. Энэ хоёроос гадна өөрийнхөө нэрийг “сайдад яригдаж байна” гэж цахим орчинд байсхийж байгаад сэвчихдэг, байгаа, үгүй нь мэдэгддэггүй нэг нөхөр УИХ-д бий.
2022 ОНЫ ТОМИЛГОО: Үлдэгсэд, Одогсод
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жилийн ой энэ нэгдүгээр сарын сүүлээр тохионо. Яг энэ үеэр нь танхимынхаа сайд нарыг тавьж явуулах нь Ерөнхий сайдын хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс л цагийн сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж цагаан сарын дараа буюу бар жил гаргаад халаа сэлгээгээ хийхээр тохирчээ. Ядахдаа явж байгаа сайд нар нь хэдэн сар бус, нэг жил сайдаар ажиллаж байсан гэх намтартай үлдэнэ.
Одогсод:
Одоогийн Засгийн газраас давхар дээлийн салхинд туугдах сайд нарын нэр үндсэндээ тодорхой болжээ. Тэдгээрээс хамгийн түрүүнд ЗТХ-ийн сайд Л.Халтарыг нэрлэж байна. Танхимын тэргүүнийхээ чихийг мөн ч их халууцуулсан хүний нэг.
Дараачийн явах хүнээр Гадаад харилцааг гацаанд оруулсан гэгдэж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Хэдийгээр ковидын нөхцөл байдлын нөлөөлөл байгаа ч Монгол Улсын гадаад харилцаа ингэтлээ түгжигдмэл байдалд орж байгаагүй байх.
“Ёндон сайд аа, ёсыг бодож ажлаа хийгээч” хэмээн хэвлэлээр сануулга авч байсан УУХҮ-ийн сайд Л.Ёндон Засагт торж үлдэхгүй бололтой.
Түүнчлэн төрхөмдөө буцах сайд нарын жагсаалтад Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр нар ч яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Сайханбаярын хувьд сайдын ажлаа өгч Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга болох тухай бүр зунаас чих дэлсэж байсан юм даг.
Харин С.Амарсайханы хувьд давхар дээлтэй сайд нарын нэг болохоор улиран ажиллах магадлал их. Гэхдээ тэр цар тахлын үед УОК-ыг үнэхээр хангалтгүй удирдсан гэсэн шүүмжлэлд балбуулдаг, тэр нь ч үнэний хувьтай.
Үлдэгсэд:
Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн томилгоондоо зарим дан дээлтэй сайд нараа авч үлдэхээр тохирчээ.
Үлдэх гол шалгуур нь ил попрохгүй, ажлаа дажгүй хийгээд, даруу төлөв байдаг хэдэн сайд нартаа нэлээн ам сайтай байгаа аж. Ийм сайд нараар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар нэрлэгдэж байгаа бололтой. Түүнчлэн Соёлын сайд Ч.Номинг танхимдаа авч үлдэх сонирхол багагүй байгаа ч цаана нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ суудалд тун өндөр амбицтай байгаа аж.
Харин одоо Засгийн газарт давхар дээлтэй ажиллаж байгаа Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар.Б.Жавхлан нар танимдаа үлдэх нь тодорхой байгаа ажээ.
О.Оюун-Эрдэнийн танхимын зураглал хэдийгээр иймэрхүү янзаар дүрслэгдэж байгаа боловч нам бүлэг доторхи тохироо, фракцуудтай хэл амаа хэрхэн олохоос хэн явж хэн ирэх нь шалтгаална.
Б.Тулга