Ши Жиньпин агуу Хятад улсыг байгуулж байна.Тоталитаризм хөгжсөн улс орныг юу хүлээж байна вэ  

2022-1-5
1360

Хятад улс тэр чигээрээ тосгон байсан, дэлхийн хуурамч үйлдвэрлэлийн  бүс нутаг, хүн ам нь бараг бүгдээрээ шахам ядуу зүдүү  байсан тэр цаг үе эргэлт буцалтгүй оджээ. Өнөөдөр Хятадад жинхэнэ кибер-күнзийн үзэл эхлээд байна.

Өндөр настнууд нь супермаркетуудад facepay ашиглан төлбөрөө хийдэг,  харин ач зээ нар нь эх орондоо үйлдвэрлэсэн цахилгаан машин хөлөглөн зочилдог,  программ ашиглан тэрбум хүн амын дундаас коронавирус тээгчдийг илрүүлдэг болжээ. Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт, Хятадын нөлөө нь Европ, АНУ-ыг айлгаж байна. Эцсийн эцэст цаг нь болоогүй байгаа ч тэд дэлхийн амьдралын хэм хэмжээ, дүрмийг БНХАУ, бүр тодруулбал ойрын 100 жилийн төлөвлөгөө зорилтоо хэдийн боловсруулчихсан Хятадын Коммунист нам тогтоож эхэлнэ гэсэн айдастай байна.

Тус улсын XXI зууны удирдагчид ямар гэрэлт ирээдүйг мөрөөдөж, агуу Хятадын эрин үе ирэх тэр цагт  дэлхий ертөнцийг ямар өөрчлөлтүүд хүлээж байгаа талаар “Лента.ру”-д нийтлэгдсэнийг товчлон орчуулж хүргэж байна.

ЭРИНЭЭС ЭРИН ХҮРТЭЛ

 “Ши Жиньпин Хятадын түүхийг барьцаалж байна”, “Тэр бүх насаараа Хятадыг захирахыг хүсч байна”, “Хятадын удирдагч өөрийгөө Мао Зэдунтай адилтгав” гэх мэт гарчигтай мэдээллүүд 2021 оны арваннэгдүгээр сард дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байсан. Хятадыг "Шижинпинчлэх"-ийг хэн илүү сайн дүрслэх вэ  гэж хэвлэлүүд уралдаж байх шиг.

Өнгөрөгч 11-р сарын 8-наас 11-ний хооронд Бээжинд Хятадын Коммунист Намын 19-р хурлын 6-р бүгд хурал хуралдав. Энэ хурал үнэхээр онцгой байв.  Нэгдүгээрт, Хятадын Коммунист намын 100 жилийн ой тохиосон.  /ХКН-ын анхны их хурал албан бус ч гэсэн 1921 онд Шанхайд болжээ/ Хоёрдугаарт, Тус хурал түүхэн гэж нэрлэсэн тогтоол баталсан. Гэхдээ тогтоолын ихэнх хэсэг нь түүхэнд биш, харин Ши Жиньпиний Хятад улсыг удирдан чиглүүлэх ирээдүй болон түүний "Хятадын онцлогтой шинэ эриний социализмын үзэл санаа"-д зориулагдсан юм.

Тус улсад өмнө нь хоёрхон удаа түүхэн тогтоол батлагдаж байжээ. 1945 онд Хятад улс байгуулагдахаас ч өмнө удирдагч Мао Зэдун түүхэн тогтоол гаргажээ. Үүгээрээ тэрбээр нам байгуулагдсанаас хойшхи коммунистуудын тэмцлийн үр дүнг дүгнэж, урагшлах хөдөлгөөнд хор хөнөөл учруулж, саад  болж буй хувьсгалын эсэргүүчдийг шүүмжилжээ. Харин үүний зэрэгцээ өрсөлдөгчдөөсөө ангижирч, эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн юм.

Мао Цзэдун

 БНХАУ-ын түүхэн дэх хамгийн алдартай хоёр дахь хүн болох "Хятадын өөрчлөн байгуулалт"-ын архитектор Дэн Сяопин 1981 онд  хоёр дахь түүхэн тогтоолыг баталжээ. Улс орны бүх байгууллага, олон сая жирийн хүмүүсийн амьдралыг сүйрүүлсэн соёлын хувьсгалын дараа хятадууд их дээд сургуулиудад суралцаж, худалдаа арилжаа эргэж ирэв. ЗХУКН-ын 20-р их хуралтай зүйрлэсэн ХКН-ын 11-р чуулганы 3-р бүгд хурал  тухайн жил буюу 1981 онд хуралдав. Гэхдээ Дэн Сяопин хувь хүнийг тахин шүтэх үзлийг үгүйсгэхийн оронд "70/30" гэсэн томъёоллыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Маогийн хийсэн зүйлийн 70 хувь нь зөв, 30 харгислал байсан гэж үзжээ.

Дэн Сяопины үед дахин өөр нэг “Мао” гарч ирэх, түүнийг дагалдсан хязгааргүй эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхгүйн тулд Хятадыг хамтаар удирдахаар шийдвэрлэжээ. Тус улсын тэргүүн нь тус бүр таван жилийн хугацаагаар  хоёроос илүүгүй удаа сонгогдох боломжтой. Гэвч Дэн Сяопиний үед баталсан хамтын удирдлагын энэхүү үзэл баримтлал өнөөгийн удирдлагад таалагдаагүй бололтой.

Хэдэн жилийн турш Ши-г "намын цөм" гэж нэрлэж байгаа бөгөөд 2018 онд БНХАУ  Үндсэн хуулиасаа  Бүгд Найрамдах Улсын даргын бүрэн эрхийн хугацааны тооны хязгаарлалтыг хасав. Гурав дахь түүхэн тогтоолд тийм ч их түүх байхгүй ч сонирхолтой нарийн ширийн зүйл олон бий. Тухайлбал, Мао Зэдун, Ши Жиньпин нарын ололт амжилтыг “үсрэлт” гэж нэрлэсэн бол Дэн Сяопин болон бусад удирдагчдын бодлогыг ердөө л “алхам” гэв.  Нэмж дурдахад, энэхүү түүхэн тогтоолын тайлбарт Ши Жиньпинийг  “жолоодогч” гэж нэрлэж Мао Зэдунтай бараг адилтгасан байна.

Түүгээр ч барахгүй БНХАУ-ын түүхэнд “үзэл санаа” гэдэг нэр томъёог өнөөг хүртэл зөвхөн Мао, Дэн, Ши нарт л хамаатуулдаг бол  Зян Зэмин, Ху Жинтао нарын санааг зүгээр л "хөгжлийн шинжлэх ухааны үзэл баримтлал" гэж нэрлэдэг.

Намын төвөөс зугтах хүч

Одоогоос 40 жилийн өмнө Хятад улс хөгжлийн шинэ эринд шилжиж, 2021 оны арваннэгдүгээр сар хүртэл  буюу шинэ түүхэн тогтоол гарах хүртэл Дэн Сяопины замналаар явж ирсэн юм. Шинэчлэл, нээлттэй байдлын бялуунаас аль болох ахиухан хэсгийг авахыг эрмэлзэж байсан Хятадын бизнесмэнүүдийн хувьд энэхүү зууны шилжилт шуургатай он жилүүд  байлаа. Түүнчлэн улс төрийн хүрээнийхэнд ч хүсэл тэмүүлэл ид өрнөсөн  үе байв. Клик /улс төр, эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэг хүмүүс. орч./ болон отог овог, бүс нутгийн бүлэглэлүүд - БНХАУ-ын түүхийн туршид улс төрийн элитүүдийг "прагматикууд" ба "радикалууд", дараа нь "шинэчлэгч", "консерватив" гэж хувааж ирсэн байдаг. 

Харин 1990-ээд оноос хойш “Шанхайхан” (зүүн өмнөд бүсийн хөгжингүй мужаас ирсэн цагаачид) болон “комсомолчууд” (комсомолын дэмжлэгээр засгийн эрхэнд “ирсэн” хүмүүс) гэж ярилцах болсон.  Намын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд гэж нэрлэгддэг "ноёд"-ын бүлэг ч бас байсан. Тэдний нэг нь Ши Жиньпин юм. Түүний эцэг Ши Жуншунь нь Бүгд Найрамдах Хятад Ард​​Улсыг байгуулах эхэн үеийн хувьсгалч бөгөөд соёлын хувьсгалын үеэр цөлөгдөн зовж шаналж,  хожим нь  засгийн эрхэнд эргэн ирж, эдийн засгийн шинэчлэлийг санаачлагчдын нэг байв.

Ши Жиньпин Мьянмарын Шведагон сүмд зочлох үеэрээ хонх цохив

 Улс төрийн зургийн ийм олон янз байдал нь  улс орныг удирдах албан тушаалын төлөөх тэмцлийг илүү ихээр өдөөж өгсөн. Хятад улс авилга хээл хахуульд идэгдэж, төрийн алба төрлийн алба болж,  улс оронд баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, байгаль орчны асуудал хурцадсан нь эдийн засгийн өсөлтийн  хүсээгүй үр дагавар болох нь харваас илт мэдрэгдэх болсон.

Энэ үеийг түүхэн шинэ тогтоолд “Нэгэн үе намын удирдлагад гарсан сул дорой байдал, завхрал зэрэг нь  авилга болон бусад сөрөг үзэгдлүүд газар авахад хүргэж, улс төрийн экосистемд ноцтой хүндрэл учруулсан. Түүгээр ч зогсохгүй нам, ард түмний хоорондын харилцаанд хохирол учирч (...) намын бүтээлч хүч, нэгтгэх хүч, намын дайчин чадвар  суларсан. Түүнчлэн нам төрийн удирдлага ноцтой сорилтуудтай тулгарсан"  хэмээн  дурджээ.

Тэгвэл энэхүү түүхэн тогтоолоос Ши Жиньпин намаа цэвэрлэж, нөлөөллийн бүлгүүдийн калейдоскопыг устгаж, Хятадын ард түмнийг бүх нийтийн хөгжил цэцэглэлт рүү хөтлөхөөс нааш явахгүй гэдгийг уншигчид олж мэдэх болно.

1.5 ТЭРБУМ ХҮН АМ ХӨГШРӨХӨӨСӨӨ ӨМНӨ АМЖИЖ БАЯЖИХ ХЭРЭГТЭЙ

1980-аад оны эхээр Хятад улс ямар ч үнээр хамаагүй өсөн дэвжих ёстой байв. "Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, гол нь хулгана барьдаг байх ёстой" гэсэн алдартай хэллэг тэр үед ид хүчээ авч байв.

Дэн Сяопиний зарлигийн дагуу Хятадын удирдлагын гол ажил бол юуны түрүүнд шинэ боломжууд бүхий “галт тэрэг” рүү амжиж үсрэх гэсэн бүхэнд баяжих боломжийг нь эхэлж өгөх явдал байв. Тэрхүү зорилтууд нь томоохон хувьчлал, хотжилт, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт хийх, тариф, худалдааны саад тотгорыг бууруулах, Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) элсэх зэрэг арга замуудыг тусгасан байв. Тэр байтугай арми хүртэл бизнесийн дүрмээр тоглож эхэлсэн.

Гэхдээ Хятад улс баяжсан ч хөгжил нь тэнцвэргүй болсон. Нөөц хуримтлагдсан ч шударга бус хуваарилагдсан.

Одоо эдийн засгийн шинэ загварын дагуу улс орон бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх шаардлагатай бөгөөд энэ зорилт нь шинэ арга барилыг шаарддаг. Хятад улс гадаад ертөнцөөс хараат бус байх хэрэгтэй. Урьд нь экспорт эдийн засгийн хөдөлгөгч хүч байсан бол эдүгээ улс “давхар эргэлт” (экспорт, дотоодын хэрэглээ) гэж нэрлэгддэг системд шилжиж байна. Үүний зэрэгцээ экспорт өндөр чанартай байх ёстой.  Хятадын үйлдвэрлэгчид муруй саруй оёсон тоглоомын оронд Теслатай өрсөлдөхүйц цахилгаан машинуудыг Европ руу илгээх хэрэгтэй.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өөрсдийн технологи, ялангуяа хагас дамжуулагч, программ хангамжийг бий болгох ёстой. Мөн хяналттай нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь үндэсний аюулгүй байдлын асуудал юм.

Коронавирус нь Хятадын эрх баригчдад маневр хийх боломжийг олгосон. Эдийн засгийн уналтыг хямралын үр дагавартай холбож болох бөгөөд дунд зэргийн өсөлт ч өндөр байх болно.

2020 оны эцсээр Хятадын ДНБ-ий өсөлт 2.3%-д  хүрсэн.  Томоохон эдийн засагтай орнууд дундаа энэ нь хамгийн сайн үзүүлэлт байв. Гэсэн хэдий ч ДНБ-ий өсөлтийн үзүүлэлтүүд Хятадын эрх баригчдын тэргүүлэх чиглэл байхаа больсон бөгөөд шинэ 14-р таван жилийн төлөвлөгөөнд (2021-2025) тусгагдаагүй байна. Түүний хэлснээр, бүтээн байгуулалт нь илүү тэнцвэртэй, өндөр чанартай байх ёстой, хөөсрөлт нь хагарах ёстой. Хүн ам зүйн бодлогыг ч бас орхигдуулаагүй.  1.5 тэрбум хүн ам хөгшрөхөөсөө өмнө амжиж хурдан баяжих хэрэгтэй.

Коронавирусын хямрал нь эдийн засгийн сорилтыг шийдвэрлэх БНХАУ-ын хандлага арга замыг  дэлхий нийтэд аль хэдийн тодорхой харуулсан.  Нөхцөл байдлыг дүгнэх, шаардлагатай бол арга барилаа өөрчлөх цаг гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэл, дотоодын хэрэглээнд дэмжлэг үзүүлэх, гүүр, зам биш, технологийн дэд бүтцийг нэн тэргүүнд тавих зорилгоор арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэв. Финтекийн монополийн эсрэг тэмцэл нь шинээр орж ирж буй болон жижиг тоглогчдыг дэмжих бас нэг оролдлого юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эрх баригчид Алибабаг шударга өрсөлдөөний дүрмийг зөрчсөн хэмээн 18.22 тэрбум юань буюу 2.78 тэрбум ам.доллараар торгож байв.

Хонконг дахь эсэргүүцэгчид

 Тус улсын удирдлагууд ашиггүй, өрөнд баригдсан аж ахуйн нэгжүүдийг аврахыг улам бүр цааргалах боллоо. Өмнө нь “хэтэрхий том” гэгддэг компаниуд асуудал гарсан тохиолдолд улсын зардлаар аврагдах боломжтой байсан бол сүүлийн жилүүдэд энэ дэмжлэг үндсэндээ хаагдаж байна. Хятадын хамгийн том хөгжүүлэгч Evergrande-ийн дефолт нь үүний нотолгоо юм.

Шинэ зорилгодоо хүрэхийн тулд Бээжин урьд өмнө боломжгүй мэт санагдаж байсан илүү шийдэмгий арга хэмжээ авч магадгүй юм. Тухайлбал, хөрөнгийн албан татварыг нэвтрүүлэх. Энэ санаачилгыг мэдүүлэгтээ дурдсанаас ч илүү хөрөнгөтэй албан тушаалтнууд олон жил эсэргүүцсээр ирсэн. Гэсэн хэдий ч эрх баригчид тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр тус болох удаан хүлээгдэж буй татварын шинэчлэлийн оронд томоохон бизнесменүүдийг сайн дураараа, бас албадан буяны үйлсэд уриалж байна. Тиймээс аравдугаар сард технологийн аварга Alibaba, Tencent болон бусад компаниуд Төв Хятадад болсон үерийн гамшигтай тэмцэхэд нийт 46.6 сая доллар хандивласан байна. Үүнээс өмнө Алибаба технологийн шинэчлэлийг хөгжүүлэх, жижиг бизнесийг дэмжих, бүс нутгуудад ядууралтай тэмцэх зэрэг "Хамтын хөгжил цэцэглэлт" санаачилгад зориулж 15.5 тэрбум доллар хуваарилна гэдгээ мэдэгдсэн юм.

"Бүх нийтийн /Хамтын/ хөгжил цэцэглэлт" нь үндсэндээ улс орны эдийн засгийн өсөлтийн шинэ ойлголт юм. Тухайлбал жижиг эдийн засгийн  богино хугацааны саад бэрхшээлийг урт хугацааны үр өгөөжөөр нөхдөг - дотоодын хэрэглээ, ухаалаг хөрөнгө оруулалт, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн илүү тогтвортой хөгжил юм. Энэ бүхэн үндэсний баялгийг илүү тэнцвэртэй, жигд хуваарилахад хувь нэмэр оруулах ёстой.

Эрх баригчид цаашид эдийн засгийн цоорхойг мөнгөөр ​​бөглөх бодолгүй байна. 2022 оны гол зорилт бол эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг олонтаа дурдсан байдаг.

Хүн амын 80 хувь нь хувийн хэвшилд ажилладаг улсын бодит байдалд Карл Марксын үзэл баримтлал хэрхэн нийцэж байгааг ойлгоход үнэхээр бэрх. Гэсэн хэдий ч Германы гүн ухаантны санааг БНХАУ-д дахин тайлбарлаж байна. Марксист үзэл суртлыг сурталчлах зорилготой Хятадын телевизийн шоунууд нь: Марксизм бол юуны түрүүнд нэг намын хүч юм; Үзэл санааны үнэ цэнийг бууруулснаар ЗХУ задран унаж, ЗХУ-ын Коммунист Нам  удирдан манлайлах чадвараа алдсан. Өнөөдөр ХКН-ын хийж байгаа тэгш бус байдлын эсрэг тэмцэл нь марксизмын бас нэг шинж байдал юм гэж байна.

Ши Жиньпин Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлж байна

2021 онд Хятад улс тосгоны нэн ядуурлыг арилгахаа зарласан бөгөөд Хятадын таван мянган жилийн түүхэнд өөр ямар ч засгийн газар үүнийг  хийж чадаагүй юм.

Соёлын салбарт сүүлийн үед гарч ирсэн бүх төрлийн хориг, дүрэм журам нь залуу хүмүүст шинэ эрин үеийн "зөв" үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой юм. Энэ  нь "ёс суртахууны хувьд ялзарсан" алдартнууд, шивээстэй тамирчид, фэн клубууд, тэр байтугай эмэгтэйлэг хөвгүүдийг ч хамарч байна. Тэдний нийгмийн сүлжээн дэх дансыг хааж, телевизийн компаниудад тэднийг эфирт харуулахгүй байхыг хатуу зөвлөж байна.

ХЯТАД УЛС АСУУДАЛД НҮДЭЭ АНЬДАГГҮЙ

Хятад улс дотооддоо төдийгүй гадаад талдаа ч хурдацтай өөрчлөгдөж байна. Дэн Сяопиний үед Бээжин өөрийгөө илүү анхаарч, олон улсын тавцанд гарахгүй байхыг хичээж, "чадвараа нууж, сүүдэрт байлгахыг" хичээсэн. Одоо Хятад улс АНУ-ын араас гишгэж буй дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд энх тайвныг эрхэмлэгч пандагийн арьсан дор лууны эврийг нууж чадахгүй болсон.

Гэсэн хэдий ч хүсэл эрмэлзэл, боломжийн хажуугаар хариуцлага ч бас нэмэгддэг. Энэ нь ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал юм. Хятад бол дэлхийн хамгийн том бохирдуулагч бөгөөд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг.  Энэ нь нэг ёсондоо Хятадаас маш их зүйлийг шаардаж байна, ялангуяа нүүрс түлэхийг зогсоох тухайд.  Хятадын эрчим хүчний 60 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд хангадаг. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт нь эрчим хүчний тогтвортой хангамжаас хамаардаг тул ийм хараат байдлаас ангижрах нь тийм ч хялбар биш юм.

Дунфан хотын салхин цахилгаан станцууд

 Гэхдээ  Хятад улс асуудалд нүдээ аньдаггүй. 2015-2020 оны өмнөх таван жилийн хугацаанд тус улс CO2 ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 2021 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлсэн.

Жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Ши Жиньпин: Хятад улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал дээд цэгтээ хүрэх ч, 2060 он гэхэд энэ хэмжээг бараг “0” болгоно гэж амласан мэдэгдэл хийсэн. Жилийн дараа НҮБ-д тэрээр Хятад улс гадаадад нүүрсний төслүүдэд оролцохоо больж, хөгжиж буй орнуудад эрчим хүчний шилжилт хийхэд тусална илэрхийлээд буй.

Ши Жиньпин улс орноо эдийн засаг, улс төр, технологийн салбарт дэлхийд тэргүүлэн манлайлагч болгохоор бэлтгэж байна.  Харин  амжилтад хүрэх эсэх нь гадаад хүчин зүйлээс илүүтэй  Хятадын удирдлага дотоодын сорилтоо хэрхэн даван туулахаас ихээхэн шалтгаална.

Эх сурвалж: Варвара Дубровинагийн бичсэнийг Лента.ру-гаас товчлон орчуулав

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.