Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

2022-1-4
525

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонссон юм.

Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2021 оны 12 сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулжээ. Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдож, нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянга буюу 0.4 хувиар өссөн байна. Үүнийг малын төрлөөр авч үзэхэд адуу 4.3 сая, үхэр 5 сая, тэмээ 454 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 289 мянга буюу 6.1 хувиар, адуу 230 мянга буюу 5.6 хувиар тус тус өсч, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ.

Мал тооллогыг жил бүр зохион байгуулснаар мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцох, мал сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, бэлчээр, уст цэгийн мэдээлэл, малын үүлдэр зэргийг бүртгэдэг. Түүнчлэн мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтойг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулгынхаа үеэр тэмдэглэлээ.

Тухайлбал, тооллогын мэдээллийг ХНХЯ, НДЕГ малчдын тэтгэвэр, тэтгэмж, халамжийн суурь мэдээлэлд, Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн нэгдсэн системд, Монголбанк, арилжааны банкууд малчны зээл, зээлийн эргэн төлөлтийн үнэлгээнд, Татварын ерөнхий газар малын тоо толгойн албан татварын мэдээлэлд, Үндэсний давхар даатгал малын индексжүүлсэн даатгалын мэдээлэлд, Эрүүл мэндийн яам, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогод, ХХААХҮЯ малын үүлдэр омог, генетик нөөцийн мэдээлэл, малчдад сүү, ноос, арьс ширний урамшуулал зэрэгт тус тус ашигладаг байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 онд Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая толгой мал тоолуулсан бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая толгой мал тоолуулсан байна. 2021 онд малын тоо Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгаас бусад аймагт өссөн байна.

Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл, хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсч харин хонь 12.1, үхэр 3.5, адуу 2.3, тэмээ 1.4 нэгж хувиар тус тус буурсныг илтгэж байна. 

Хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд мал ундаалах зориулалт бүхий 62.5 мянган худаг, 82.9 сая толгой малын багтаамж бүхий 249.8 мянган ширхэг хашаа тоологджээ.

2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 188.5 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өссөн байна. Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 14.3 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 33.2 хувь, 201-500 малтай өрх 31.6 хувь, 501-999 малтай өрх 15.3 хувь, 1000-аас  дээш малтай өрх нийт өрхийн 5.6 хувийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаар нэг малчин өрхөд 323 толгой буюу адуу 20, үхэр 23, тэмээ 2, хонь 150, ямаа 128 тус тус ногдож байгаа аж.

Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 305.2 мянган малчин бүртгэгдэж, өмнөх оноос малчдын тоо 6.4 мянга буюу 2.1 хувиар өссөн байна. Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 94.1 хувь нь үндсэн малчин, 5.9 хувь нь туслах малчид байгаа юм байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэд хөдөөгийн өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас 17 хувиар буюу 260 мянган төгрөгөөр бага байна. Хөдөөгийн өрхийн орлогын 60 хувийг ХАА-н үйлдвэрлэлийн орлого болон өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн бүтээгдэхүүний орлого эзэлж байгаа гэлээ.

Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг МАА салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу 38.4 хувийг МАА-н салбар эзэлсэн хэвээр байна. Тухайлбал аймгийн эдийн засагт мал аж ахуйн салбарын эзлэх хувь Архангай, Дундговь, Говь-Алтай аймагт хамгийн их байхад уул уурхай, үйлдвэрлэл ихтэй Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймагт бага байгаа аж.

Мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 2021 оны эхний 11 сарын байдлаар 290.5 сая ам.долларт хүрч, нийт экспортын 3.6 хувийг эзэлжээ.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.