БНХАУ-ын иргэний 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн дөрвөн иргэнийг цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 46 настай БНХАУ-ын иргэн П-ийн гэрт, нүүрэндээ хар баг зүүсэн 4-5 хүн нэвтэрч 1.1 тэрбум орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр гарсан. Гэмт этгээдүүд 4-5 хүн буюу нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн байсан аж.
Уг хэрэгтэй холбоотойгоор ЭЦА-наас мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд тус дээрмийн ноцтой хэрэг нь өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хэрэг гараад ердөө нэг хонож, шалгалтын ажил явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Золбоо: "Энэ сарын 3-ны өдөр 13 цагийн үед ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаадын иргэн их хэмжээний мөнгөө дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тиймээс ард иргэд хараа хяналтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалахгүй байхыг анхааруулж байна. Үлдэгдэл мөнгө хаана байгаа эсэх, хэрэгт ямар хүмүүс хамааралтай зэрэг бүх асуудлыг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц" гэлээ
Мөн "2021 онд улсын хэмжээнд гарсан хүнд гэмт хэрэг 20,5 хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэгт хүний амь, дээрэм, хүчин гэх мэт төрлийн хэргүүд ордог. 2021 онд хүний амийг хохироосон гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь 6,3 хувиар буурсан, хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь 22 хэргээр буюу 5,7 хувиар өссөн, дээрмийн гэмт хэрэг 342 үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 15,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна" гэв.