Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулах бодлого баримтлаж байгаа. Энэ хүрээнд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууцтай болгох ажлыг зохион байгуулж жилийн 6 хувийн зээлийг олгож, урьдчилгааг 20 хувь байхаар тогтоосон. Өнгөрсөн оны тухайд нийт 13292 иргэнд ипотекийн зээлийг олгожээ. Үүнээс 3300 орчим нь орон нутгийн иргэдэд гаргасан зээл байна.
Тодруулбал иргэдэд 1 их наяд төгрөгийн зээлийг одоогийн байдлаар гаргасан бөгөөд нийтдээ 2 их наяд төгрөгийг зарцуулах төлөвлөгөө байгаа юм байна.
Харин барилгын салбарын ханшийн өсөлт, инфляцийн тухайд одоогоор хил гааль хаалттай байдал, тээвэр ложистикийн асуудал байгаатай холбоотой гэж үзэж байна. Яваандаа хил гааль хэвийн ажиллаж эхэлбэл бараа тээвэр хурдацтай тээвэрлэгдэх, эдийн засгийн хурд нэмэгдэх учир инфляци тогтворжино гэж Монголбанк болон Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд тодотгож байна.
Харин орон сууцны үнэ өсөхөд гол нөлөө үзүүлдэг барилгын материалын ханшийн асуудал байдаг. Тэгвэл БХБЯ-аас мэдээлэхдээ барилгын 12 гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг болох цементийн үнэ энэ онд өсөхгүй гэж тодотголоо. Учир нь 4 сая тонн нөөц байгаа гэж онцоллоо. Харин гол асуудал арматурын үнэ өсөх магадлалтай байгаа юм байна.
Б.Сугар