Хөдөлмөрийн тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталжээ.
Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав.
Улмаар дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.