-Уур амьсгалын анхдагч Европ хүртэл нүүрснээс бүрэн татгалзаж чадахгүй байна-
Чулуун нүүрс дахин сэргэн мандалтын шатандаа явж байна. Дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд утааг бууруулна гэж амлаж байсан ч эрчим хүчний салбарт хамгийн бохир түлш, хүлэмжийн хийн гол эх үүсвэр болдог нүүрс эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Гэсэн хэдий ч бүх зүйл тийм ч муу биш - нүүрсний хэрэглээний өсөлтөд ногоон эрчим хүчний талаар сайн мэдээ бас байна.
Улирч буй 2021 он нүүрсний хэрэнглээний хувьд түүхэн дээд амжилтын он болж, ойрын гурван жилд нүүрсний хэрэглээ буурахгүй гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) таамаглаж байна.
Энэ нь цар тахал өвчнөөс шалтгаалан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Нар, салхи, хийн эрчим хүч хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна. Тиймээс байгаль орчныг хамгаалагчдын эсэргүүцлийг үл тоон дэлхий дахин нүүрс түлж эхлэв.
"2019, 2020 онд нүүрсний эрчим хүч уналтад орсон. Тэр үед нүүрсний хэрэглээний оргил үе 2018 онд тохиож хойно үлдсэн юм шиг төсөөлөгддөг байв. Гэсэн хэдий ч 2021 он энэ итгэл найдварыг үгүйсгэв. 2021 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 9 хувиар нэмэгдсэн " гэж ОУЭА тооцоолжээ.
Европт цаг агаарын нөхцөл байдал (сүүлийн саруудад салхигүй, сэрүүн байсан), байгалийн хийн хомсдол (түүний гуравны нэгийг ОХУ-аас нийлүүлдэг), Францын атомын цахилгаан станцуудын засвар удаан үргэлжилсэн зэрэг нь асуудлыг улам хүндрүүлэв.
Хятад улс дипломат зөрчилдөөний улмаас Австралиас нүүрс худалдан авахаа зогсоож, дэлхийн зах зээл дээрх өндөр үнэ, тээвэрлэлт тасалдсан зэрэг нь алдагдсан нийлүүлэлтээ хурдан нөхөх боломж олгохгүй байсан тул Хятадууд ил уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн.
Энэ нь түр зуур ковидын үетэй холбоотой бус харин цоо шинэ чиг хандлага юм.
Нүүрснээс татгалзах нь тийм ч хурдан үйл явц биш гэдгйг ОУЭХА анхааруулж байна. Эхэлж буй 2022 онд дэлхий нийт өмнөх жилээсээ 1.5 хувиар илүү нүүрсийг шатаана.
"2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, 2024 оныг дуустал энэ хэмжээндээ байх болно гэдгийг нөхцөл байдал харуулж байна" гэж ОУЭА-ийн нүүрсний жилийн тайланд дурджээ. /Энэ нь Монгол Улсын хувьд мэдээж таатай мэдээ юм. орч./
ОУЭХА-ийн мэдээлснээр 2024 он гэхэд нүүрсний үйлдвэрлэл 2.8 хувиар өсөх бол Оросын эрх баригчдын стратеги ойрын 15 жилд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.
Гэвч нөгөө талаасаа дэлхийн нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь уур амьсгалын хувьд маш таагүй мэдээ юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш улс орнуудыг нүүрс түлэхээ зогсоох талаар тодорхой амлалт өгөхийг хэдэн жилийн турш уриалж байгаа ч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Өнгөрөгч 11-р сард Глазгогийн цаг уурын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар тохиролцоонд хүрнэ гэсэн итгэл найдвар ковидын бодит байдлын улмаас бөхчихөөд байна.
Гэсэн хэдий ч сэтгэлээр унахгүй байх шалтгаан бас бий. Хачирхалтай нь, нүүрсний сэргэн мандалт, байгалийн хийн үнийн өсөлт нь эцсийн дүндээ ногоон эрчим хүчний хувьсгалыг хурдасгах боломжтой. Яагаад гэвэл:
Нүүрсээр ажилладаг цахилгаан станц ажиллуулахын тулд Европын эрчим хүчний компани хүлэмжийн хийн ялгаруулалтын квот худалдаж авах шаардлагатай. Илүү их утаа гаргах тусам илүү үнэтэй байдаг. Ингэснээр ЕХ аж үйлдвэр, эрчим хүчийг ногоон болгоход түлхэц болно.
Энэхүү квотын үнэ маш хурдацтай өсч байгаа тул ЕХ-ны 27 орны дээд хэмжээний сүүлийн уулзалтын үеэр Польш, Чех, Испани зэрэг ЕХ-ны хэд хэдэн гишүүн орон энэ дамын наймааг зогсоохыг шаарджээ.
Санхүүчдийн оролцоогүйгээр нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын квотын үнэ оны эхэнд 31 евро байснаа 12-р сар гэхэд 90 евро болж өсөх боломжгүй байсан гэдэгт тэд итгэлтэй байна.
Энэ бүхэн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах нь үнэтэй "таашаал" болж байгаа ч байгалийн хийнээс илүү ашигтай хэвээр байна.
Тэд нүүрснээсээ татгалзаж чадах уу
Европ байтугай АНУ ч нүүрсний гол хэрэглэгч биш. Тиймээс нүүрсний эрчим хүч, дэлхийн дулаарлаас үүдэлтэй утааны асуудлыг хэсэгчлэн шийдэх бүрэн боломжтой.
Хятад, Энэтхэг хоёр дэлхийн нүүрсний нийт эрэлтийн гуравны хоёрыг бүрдүүлдэг. ОУЭХА-ийн тооцоолсноор дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг Хятад улсын эрэлт ирэх гурван жилд 1%-иар, Энэтхэгт 2024 он хүртэл жилд 4%-иар өснө.
"Гурван тэрбум шахам хүн амтай эдгээр хоёр улс нүүрсний эрчим хүчний ирээдүйг тодорхойлох болно. Нүүрсний хувь заяа нь эдгээр улс утааг бууруулах зорилтоо хэр хурдан, үр ашигтай хэрэгжүүлэхээс хамаарна" гэж ОУЭХА дурджээ.
Хятад, Энэтхэг хоёулаа утааг бууруулна гэж амлаж, хүсч байгаа бөгөөд ирээдүйд нүүрснээс бүрэн татгалзах бодолтой байна. Гэхдээ тодорхой хугацаа байхгүй, тэд үүнийг ямар ч үнээр хамаагүй хийнэ гэдэг нь бүр эргэлзээтэй.
Хөгжиж буй орнууд ногоон хувьсгалын төлбөрийг өндөр хөгжилтэй орнууд төлөх ёстой гэж үздэг. Учир нь өнөөгийн дулааралд нөлөөлж буй хуримтлагдсан утааг тэдгээр орнууд "үйлдвэрлэсэн". Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар баян чинээлэг болсон эдгээр орнууд ямар ч хязгаарлалтгүйгээр үйлдвэрлэл явуулж байв.
Эх сурвалж: ВВС-ээс товчлов

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал