Ц.Хосбаяр: Анхаагаа аварга болох агшинд сэтгэл хөдлөөд уйлсан

2022-1-1
6172

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяртай ярилцлаа.

-Танд болон таны шавь М.Анхцэцэгт баяр хүргэе. Монгол Улс хүндийг өргөлтийн дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртлээ. Та сэтгэгдэл, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-М.Анхцэцэг маань дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртлээ, сайхан байна. Анхаагаа аварга болох агшинд сэтгэл хөдлөөд нэлээд уйлсан. Хүндийг өргөлтийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан тэнгэрийн оронд байгаа олон дасгалжуулагч, өнөө цагийн дасгалжуулагчид, тамирчид бүгд энэ л амжилтын төлөө зүтгэсэн. Эх спортын төлөө зүрх сэтгэл, нойр хоол, хөлс хүчээ зориулсан олон арван хүний хүслийг биелүүллээ.

-Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпийн дараа МУГТ М.Анхцэцэг “Зорьсондоо хүрч чадсангүй. Одоо би дэлхийн аварга болно” гэж хэлж байсан. Хэлсэндээ ч хүрлээ. Энэ хугацаанд та хоёр бэлтгэлээ хэрхэн базаав?

-Олимпоос ирж долоо хоног амраад бэлтгэлдээ орсон. Олимпийн өмнө өндөр түвшинд бэлтгэл хийж байсан. Түүнийгээ үргэлжлүүлсээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явсан.

-Тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Тэмцээнд маш олон тамирчид оролцсон. Тэднээс Узбекистан улсын тамирчин Турсуной Жабборова бол Анхаатай олон тэмцээнд ширүүн өрсөлдөж байгаа. Өмнө нь Анхааг нэг ч удаа ялж байгаагүй охин. Энэ жил нутагтаа огцом өргөлтөөр яллаа. ОХУ-ын тамирчинг ширүүн өрсөлдөгч байх болов уу гэж бодож байлаа. Бодсон шиг сайн өрсөлдөгч байж чадсангүй. Бусад тамирчдыг бол ялах нь тодорхой байсан.

-Дараагийн зорилго ямар тэмцээн байна?

-2024 оны Олимпод оролцох эрхийн оноо цуглуулалт эхэлсэн. Ирэх жил Азийн наадам, дэлхийн аварга гээд олон тэмцээн хүлээж байна даа.

-Тэмцээнд оролцохоос өмнө тамирчныхаа сэтгэл зүйг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Тамирчнаасаа шалтгаалаад өөр өөр ажилладаг. Анхаагийн хувьд өндөр зэрэглэлтэй тамирчин болохоор илүү үглэхгүй, өөрөөр нь бэлдүүлэх нь зүйтэй байдаг. Хүндийг өргөлтийн спортын хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл. Өөртөө л итгэж байвал тэмцээнд оролцоход бэлэн гэсэн үг.

-Токиогийн олимпод медальд маш ойрхон очоод дэвжээнээс бууж ирэхэд М.Анхцэцэг та хоёрын яриа хэрхэн эхэлсэн бэ, тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж ямар байв?

-Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадамд медалийн оролтоо алдах мэдээж маш хүнд шүү дээ. Тоон үзүүлэлтээр медальд орох нь тодорхой харагдаж байлаа. Гэтэл бид хүрэл медалийн боломжоо алдаж, охин маань дэвжээнээс уйлаад бууж ирсэн. Мэдээж би хамгийн түрүүнд тайвшруулах үг хэлэх ёстой. “Битгий уйл. Нас чинь залуу байна охин минь. Чи Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд маш том амжилт гаргасан, сайн охин” гээд л аргадлаа. Хөөрхий, охин минь юу ч ярихгүй, хэсэг уйлж байгаад арай тайвширсан. Гэтэл тамирчнаа тайвшруулах ёстой би өөрөө багтарч, уйлчих гээд болдоггүй. “Хажууд нь уйлж болохгүй” гэж өөртөө хэлээд, нулимсаа залгиад л байлаа.

Өөрийгөө бариад, инээж ч үзсэн. Дотор огшоод, үнэхээр хэцүү байсан. Тэмцээний заалнаас Олимпийн тосгон хүртэл бид хоёр юу ч яриагүй. Би гаднаа юу ч болоогүй юм шиг царай гаргах гэж их хичээсэн. Анхаа Олимпийн тосгонд очоод цүнх, хувцсаа тавьчихаад "Хоолонд орлоо" гээд гарсан. Анхааг өрөөнөөс гараад, хаалга хаагдангууд л миний нулимс асгарсан. Арай дотор онгойж, тайвшраад гартал Анхаа Олимпийн таван цагаригтай хөшөөний доор нэлээд уйлж байгаад тайвширсан бололтой сууж байлаа. Би очиж тоглоомоор “Өнөөдөр орой чи бид хоёрын сошиалд нүдүүлэх цаг шүү. Сэтгэлээ бэлдээрэй” гэлээ. Гэтэл эсрэгээрээ Монголын ард түмэн бидэнд баяр хүргэж, сайхан үгсээр урам зориг өгч байсан. Ард түмэн М.Анхцэцэгт найдаж, медаль авна гэж итгэж, хайрлаж хүлээж байсан нь үнэн. Харамсалтай нь бид хоёр тухайн үед тэрхүү амжилтад арай л хүрч чадаагүй. Гэхдээ охины минь зүтгэлийг ойлгож, хайрлаж хүлээж авсан ард түмэндээ маш их баярласан. Итгэл алдах хэцүү байсан.

-М.Анхцэцэг дасгалжуулагчгүй тэмцээнд явж байсан гэж сонссон. Тамирчнаа ганцааранг нь явуулах танд хүнд байсан уу?

-Хэд хэдэн удаа, миний санаж байгаагаар долоо, найман удаа тэмцээнд дасгалжуулагчгүйгээр явсан. Хамгийн түрүүнд бэртчих вий л гэж санаа зовдог. Захиснаар явах болов уу гээд л хэцүү шүү. Тэднээс тод санаж байгаа нь оюутны дэлхийн аварга Мексикийн Меринда хотод болсон юм. Түүнээс долоо хоногийн өмнө залуучуудын Азийн аварга Японд болох байлаа. Тухайн үед нэг хүний зардал 17-18 сая төгрөг болж байсан. Бид гүйсээр нэг л хүний зардал олж М.Анхцэцэгийгээ явуулсан юм. Анхаад бол би “Хамт явна аа” гээд худлаа хэлчихсэн. Явтал нь сэтгэлийг нь тайван байлгах гээд онгоцны буудал дээр чемоданаа аваад очсон. Бүртгэл хийлгэх болоод Анхааг "Чи орж бай, багш нь араас чинь оръё" гэж хэлээд онгоцонд нь суулгасан. Онгоц руу орсноос 10 минутын дараа “Багшийгаа уучлаарай. Сайн яваарай миний охин” гээд мессэж бичсэн. Анхаа гомдоод "Би энэ тэмцээнд явахгүй, онгоцноос буулаа" гэж зүтгээд бид тайвшруулаад явуулсан. Анхаа ингэж яваад Токиод залуучуудын Азийн хошой аварга болж, Оюутны дэлхийн аваргад ганцаараа оролцсон. Бид цаг, минут тутамд ярьж байлаа. Тэмцээндээ ч орсон. Хамгийн харамсалтай нь, Анхаа тэр тэмцээн дээр бэртэл авсан. Гурав дахь оролтод орох хэрэггүй байсан юм гэж би одоо ч харамсдаг. Хэрэв би

мөнгөтэй байгаад, хажууд нь байсан бол тэр оролтыг хаах байсан юм. Тийм гунигтай үе бидэнд тохиолдож л байлаа.

-"Токио-2020" олимпод оролцох эрхээ авахын тулд М.Анхцэцэцэг ээж болоод гурван сарын дараа бэлтгэлдээ орсон. Дасгалжуулагчийн хувьд нялх биетэй ээжийг бэлтгэхэд хэцүү байсан уу?

-Гурван сартай бэлтгэлдээ орохоос өөр аргагүй болсон. “Токио-2020” Олимпийн өмнө Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос гурван цикл зарласан. Эхний циклд заавал тэмцээнд орох ёстой. Гурван циклд 1-2 тэмцээнд заавал оролцох ёстой гэсэн хатуу шалгуур тавьж байсан. Миний хувьд анх удаа л тамирчин маань ээж болоод гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэж ирсэн явдалтай нүүр тулсан. Бид хоёр хоёулаа ямар ч туршлагагүй. Маш олон найз, эмэгтэйчүүдийн эмч, дасгалжуулагчидтай уулзаж зөвлөгөө авсан. Бүгд мэдэхгүй, туршлага багатай байлаа. “Надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Яах ёстойг мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Эмч нар төрсний дараа хүний бие бүхэлдээ өөрчлөгддөг, ачаалал бага өгөөрэй гэж зөвлөсөн.

Ингээд Анхаа маань ээж болоод гурван сарын дараа бэлтгэлд орж, дөрвөн сар гаруйн дараа Хятад руу Азийн аваргад оролцохоор явсан. Медаль авах гэж зорих биш, зүгээр л оролцоход хангалттай гэж бодсон. Азийн аваргад орохын тулд найман кг жин хассан. Нэг кг гаруйг хасах үлдсэн үед жин нь зуурч эхэлсэн. Хөлс огт гарахаа болиод, саунд орлоо. Хүйсийн ялгаа гардаг тул багш нь хамт орж болохгүй. Би сауны гадна хүлээгээд л байлаа, чимээ байдаггүй. Сүүлдээ учраа тайлбарласаар байгаад орох зөвшөөрөл авлаа. Ортол охины маань хөхний сүү гоожоод, цамц нь нэвт норчихсон сууж байсан. Сэтгэл өмрөөд л явчихсан. “Амь биш, заяа биш хэрэггүй. Тэмцээнд орохоо больё” гэтэл Анхаа “Би энд өөр зорилготой ирсэн. Миний энэ зорилгыг битгий ухраагаарай” гэж хэлээд намайг гаргасан. Ийм байдалтай жин хассаар тэмцээндээ орсон. Тэмцээн эхлэх үед ч би дахиад болиулах гэж оролдсон. Дасгалжуулагч хүний нүдээр харахад үнэхээр хүнд байдал харагдаад байсан. М.Анхцэцэг бид хоёр арав гаруй жилийг багш, шавийн барилдлагаар туулж байна. Хамгийн хэцүү, өрөвдмөөр тэмцээн тэр байсан. Манай Анхаа шартай, зүтгэсээр байгаад л мөнгөн медаль аваад дэвжээнээс бууж байлаа. Миний хувьд хамгийн амттай медаль нь энэ мөнгөн медаль санагддаг юм.

А.ГАНТУЯА






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.