ТОЙМ: 2021 оны Монголын онцлох 10 үйл явдал

2021-12-31
3319

 НЭГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль

 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ,  “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат  нар нэр дэвшин өрсөлдлөө.

 Энэ удаа монголчууд зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ерөнхийлөгчөө анх удаа сонгосноороо онцлог юм.  

Нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 67.8 хувийн саналаар ялалт байгууллаа.   У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зохицуулалтаар нэг л удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдож, дахин нэр дэвших эрхгүй байх юм.  

Ерөнхийлөгчийн сонгуульд  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал авсан бол  харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авав.

ХОЁР: Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой

 Энэ жилийн хувьд монголчууд олон тэгш ой тэмдэглэж байгаагаас ач холбогдол хэмжээ далайцаараа хамгийн  том нь Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой байв. Харин энэхүү ойн баяр, үндэсний их наадмаа халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс цахимаар тэмдэглэлээ.

Монгол Улс 1921 онд ардын хувьсгал ялан мандахтай зэрэгцэн орчин цагийн  салбаруудаа байгуулан хөгжүүлж эхэлсэн учир энэ жил гэхэд Эрүүлийг хамгаалах, ардын боловсрол, хоршоолол, зэвсэгт хүчин, залуучуудын байгууллагын гэхчлэн олон 100 жил мөн тохиож байна. Үүнтэй холбоотойгоор салбар салбарын сайчууд төрдөө үнсүүлж энгэрээ мялаалаа. 

Түүнчлэн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож, хоёр орон хамтран тэмдэглэв. Энэ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчилснаар 100 жилийн ойг тэмдэглэх ажил дууссан юм. 

ГУРАВ: Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод амлав

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ оны аравдугаар сарын 4-нд албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд  илтгэл тавих үеэрээ  “Тэрбум мод ургуулна” хэмээн амласан юм. Үүнийг түүхэн амлалт хэмээн нэрлэсэн нь бий. Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж бэлчээрийн доройтол юу юунаас хүчтэй мэдрэгдэж байгаа энэ үед тэрбум мод тарих амлалтыг түүхэн хэмээн харах шалтгаан байгаа нь тодорхой. Энэ амлалтаа 2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх учиртай.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг иргэн, аж ахуйн нэгжүүд дэмжиж, улсын хэмжээнд мод тарих ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, уг хөдөлгөөнд уул уурхайн 21 аж ахуйн нэгж нэгдэж, 2030 он гэхэд нийт 608.5 сая, Улаанбаатар хот болон 21 аймаг 680 сая мод тарих батламжид гарын үсэг зураад байна.

“Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл үе шат 2021-2024 онд, эрчимжүүлэх үе шат 2024-2026 онд, тогтвортой үргэлжлэх үе шат 2027-2030 онд үргэлжлэх юм.

Тодотгоход, НҮБ-ын 76 дугаар чуулганд 100 гаруй улсын төр, засгийн удирдлагууд биечлэн оролцжээ.

 

ДӨРӨВ: Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэллээ

 Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлал энэ сарын 15-17-нд ОХУ-аас эхэллээ. Энэхүү айлчлал улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой төдийгүй,  хоёр улсын харилцааны нэгэн шинэ зууны түүх эхэлж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр  хоёр тал хамтарсан том төслүүдээ  ойрын хугацаанд хөдөлгөх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэхээ Монгол, Орос улсын төрийн тэргүүн нар илэрхийлсэн. Энэ  үзэл баримтлалаа баталгаажуулан Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцаанд мөн шинэ хуудас нээсэн түүхэн үйл  явдал болов. Тунхаглалын  онцлох  заалт нь "Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв" гэсэн юм.

Айлчлалын үеэр Монголын нутгаар дайран өнгөрөх хий дамжуулах хоолойн асуудал яриа хэлэлцээрийн нэг чухал сэдэв байсан бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгджээ.

 ТАВ: Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол батлагдав

УИХ 2019 оны арваннэгдүгээр сард Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар ХЗДХ-“ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд Рио Тинтогийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусны үр дүнд УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг үндсэндээ хангаж чадлаа.

Тодруулбал,  “Рио Тинто” 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүллээ.

Захидалдаа тус компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэе, Дубайн гэрээг цуцалъя, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг өөрсдөө бүрэн хариуцъя, “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй гэжээ.

Энэ нь  “Рио Тинто” буулт хийлээ гэхээсээ илүүтэй Монголын Засгийн газар  хөрөнгө оруулагч талтайгаа харилцан ойлголцолд хүрдэг, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэгдэг гэсэн эерэг мессэжийг дэлхий нийтэд өгсөн үйл явдал байв.  

Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол өчигдөр /2021.12.30/ батлагдав.

Энэхүү тогтоолоор Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнг баталгаажуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авах зөвшөөрлийг Засгийн газарт олголоо. Ингэснээр: 

-Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх,

-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, хүчингүйд тооцох,

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,

эрчим хүч дотоодоос худалдан авах,

-“Оюу толгой” төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах,

-Оюу толгой ХХК-д ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг цогц асуудлыг хэрэгжүүлнэ 

ЗУРГАА: АН хоёр толгойтой, бүр гурав ч болж болзошгүй болов

 Монголын улс төрийн хоёр гол намын нэг Ардчилсан Намын хувьд 2021 он мэнгэ голлосон жил болж өнгөрч байна. Сонгууль бүрээр хол тасархай хоцорч, эцэс сүүлдээ хоёр толгойтой болж, одоо хүртэл хөнжил дотроо хөлөө жийлцсэн хэвээр 2022 оныг угтаж байна.

Энэ нам цагтаа цалгиж, засаглал хэрэгжүүлж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Гэтэл одоо орших эс оршихуйн тухай асуудал яригдах хэмжээнд хүрч  дотоод ойлголцол нь хүндэрчээ. 

АН хоёр  хуваагдаж, гишүүд  удирдлагууд нь хоорондоо хэмлэлдээд удаж байна. 2021 оны сонгуулийн ялагдлын дараа С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж тамга тэмдгээ  генсек Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ нам дотор цээлийн ус цалгиж, эцэст нь   намын дарга байх эрх нь  хуулиараа С.Эрдэнэд хадгалагдаж байна гэж Дээд шүүх үзснээр тэрбээр  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. 

Хоёр хуваагдсан АН эргэн нэгдэх асуудлаар  “Онц их хурал” зарласан ч үр дүнд хүрсэнгүй. Одоо бүр ч хөл толгой нь мэдэгдэхээ байж, олон нийтийн ой санамжаас АН хэмээх улс төрийн нам зугуухан алсарсаар байна. Хэрэв энэ янзаар 2024 онтой золговол тус нам эрх барих байтугай сөрөг хүчин байж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болно. 

ДОЛОО: Сүүлийн 30 жилд аваагүй арвин ургац хураасан ч борлуулалт хүндрэв

 2021 онд газар тариалангийн салбар өгөөжтэй, тариаланчид маань цар тахлын үед эрч хүчтэй, итгэл төгс ажиллав. Өнгөрсөн зун Монгол нутаг хур бороо ихтэй өнтэй сайхан жил байж тэнгэр хангай бас тэтгэв. Энэ бүхний үрээр Монгол Улс энэ жил нийт 571.1 мянган тонн үр тариа хурааж авсан нь сүүлийн 30 жилийн хамгийн арвин ургац байв.

Манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн байдаг.  Харин энэ намрын хувьд 150 орчим тн буудай хэрэгцээнээс илүү гарч байгаа юм. 

Түүнчлэн намартаа бороо их байснаас буудайны цавуулаг хангалтгүй байгаа, импортын 67 тн буудай нөөцөнд байсан зэргээс шалтгаалан тарианы борлуулт тааруу талдаа байв. Энэ асуудлыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гурил үйлдвэрлэж экспортонд гаргах замаар зрхицуулалт хийх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

НАЙМ: Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргав

 Хөвсгөл нуурт 1985 онд  живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа  татан гаргаж, өнгөрөгч 11  дүгээр сарын  сарын 7-нд нуурын эрэгт байрлуулсан нь Монгол Улсын хувьд урьд өмнө хийгдэж байгаагүй  сорилт болов. Энэ ажилд Онцгой байдлынхан болон цэрэг иргэний байгууллагуудын албан хаагч нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгсэл оролцсон байна. 

Уг хөлөг онгоц 43.3 м урт, 8.4 м өргөн, 5.7м өндөр, 309 тн жинтэй бөгөөд нуурын эргээс 110-120 метрт, 12-16 метрийн гүнд живсэн бөгөөд хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3.2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр шигдсэн байв.

Хөлөг онгоцоос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байв.

Ингэж ийм хүнд жинтэй  хөлөг онгоцыг татан гаргасан нь  цаашид  нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл туршлага болж байгаа бөгөөд энэ ажлыг ирэх жилүүдэд эхлүүлэхээр тооцож байна.

 ЕС: Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал байнгын ашиглалтад оров

 Хөшигийн хөндий дэх  “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг энэ оны 7 дугаар сарын 4-нд нээв. Монгол, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн энэхүү шинэ нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах бөгөөд 24 агаарын хөлөг зогсох перрон талбайтай юм. Түүнчлэн жилд 11.900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал цогцолбортой. Уг нисэх буудлыг түшиглэн дагуул хот байгуулах бөгөөд УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Шинэ Зуун мод” хот хэмээн нэрлэнэ.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэжээ.

АРАВ: Монголчууд койноор давалгаалав

 Өнгөрч буй оны  бизнесийн гол тренд хандлагын нэг нь  Койн болов. Намраас эхэлсэн койны давалгаа одоо ч үргэлжилж байна. Энэ багахан хугацаанд   монголчууд алдаж,ашиг хийж  янз бүр л байгаа байх. Гэхдээ энэ салбарт хэдийнэ  хэдэн их наядаар тоологдох мөнгө эргэлдэж байгаа гэдгийг эдийн засагчид тооцоолжээ.

Криптобиржээр хоёр их наяд төгрөг эргэлдэж байна гэсэн мэдээлэл байна.   Монголын анхны ард койны араас 20 гаруй  койн /токен/ гарсан бол дахин 80 орчим токен бэлтгэлээ базааж хөрөнгийн захад гарах мэдээлэл байна. Гэвч койн хувьцаа шиг ногдол ашиггүй, баялаг бүтээхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй үр ашиггүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Дэлхийд бүртгэлтэй 10 гаруй мянган койн бий ч 97 хувь нь амжилтгүй болж буй мэдээлэл байгааг хэвлэл мэдээлэл дурджээ. Тэгэхээр энэ хэрээр эрсдэл дагаж  байгаа  гэдэг нь тодорхой юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.