“Бидний нэг” контент энэ удаагийн дугаартаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Довчингийн Наранбаатарыг онцолж байна. Түүнийг мал маллахын хажуугаар шүлэг найргаа хөглөн сошиал орчин, фэйсбүүктээ өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хүргэдэг гэдгийг мэдэх буй за.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Довчингийн Наранбаатар байна аа. Би эхээсээ долуулаа. Дөрвөн ах, нэг эгч, нэг дүүтэй. Одоо ижийтэйгээ нутагтаа мал маллан амьдарч байгаа эгэл жирийн нэг малчин залуу байна. Одоохондоо эхнэр хүүхэдгүй, ганц бие байгаа.
Манай өвөө чинь мундаг хүн байсан юм. Хөвсгөл аймгийн Тариалан сумын олон түмэндээ өмсөх мэхээрээ алдаршсан Цэндийн Дамдиндорж гэж хүний ач хүү. Манай өвөө чинь улсын заан цолтой хүн. Манай нэг ах сумын заан цолтой хүн байдаг.
-Ингэхэд хэзээнээс сошиал орчинд бичлэг пост хийж оруулдаг болов? Учрыг нь асууж болох уу?
-Би 2020 оны 11 дүгээр сарын дундуур л сошиал орчинд бөхийн тайлбар хийж анх олон түмэнд хүргэж байсан. Тэр үед коронагийн үе байсан. Тэгээд хүмүүсийн дархлааг нь дэмжих юм болов уу гэж бодоод олон түмэнд бичлэгээ хүргэж эхэлсэн. Яагаад тэгсэн юм бэ гэж зарим нэг нь асуудаг. Сонин тэнэгтээд балай балай юм оруулаад байна гэсэн нөхдүүд бас тэр үедээ байсан. Ард түмэндээ дархлааг нь дэмжээд жаахан инээлгэх болов уу гэж бодоод тэр бүхнийг бас оруулсан юм. Хамгийн эхний бичлэг дээр “Хаан Чингисийн баатруудтай мөр зэрэгцэн тулалдаж өссөн залуу нас,
Халхын голын дайнаас дарийн утаа үнэртэж явсан залуу нас...” гэж анх бичиж байсан. Тэгээд сүүлийн үед засаж залруулаад баас өөр болгоод оруулсан байгаа шүү. Ард түмэн бас та бүхэн харж байгаа байх аа.
-Хонины бэлчээрт ч бичлэг хийсэн харагддаг. Хэн бичлэгийг чинь хийж өгдөг юм бэ?
-Манай нэг ахын дүү байдаг юм. Тэр маань хааяа бичлэг хийж зураг дарж өгдөг. Нэг зурагчинтай гэх юм уу, тиймэрхүү нэг дүүтэй.
-Сошиалд Д.Наранбаатарын бичлэг орсноор олон нийт янз бүрээр хүлээж авч байсан. Өөрт чинь ямар мэдрэмж төрж байв?
-Бичлэг оруулахаар л энэ тэнэг юм хаанаас гараад ирэв, утас хэн аваад өгчхөв өө, утсыг нь хураагаад аваач гэсэн сэтгэгдэл анх ирж байлаа. Энэнд утас хэрэггүй авч өгсөн юм гээд л ямар тэд нараар авахуулсан биш тэ. Тэгээд яах вэ зүгээр сошиал орчинд сонин юм болов уу гэж бодоод л тийм зүйл оруулсан бүр тиймэрхүү нөхдөөс тийм юмнууд байсан. Энэ утсыг нь хурааж ав ч гэсэн байсан. Тэр яах вэ, өөрийгөө мэдэж байгаа шүү дээ би чинь. Одоо нэг их тоохоо больсон.
-Нэлээн олон дагагчтай болсон гэж сонссон. Фэйсбүүкийн хэдэн найзтай вэ?
-Одоо фэйсбүүкт таван мянга ер нь тулчхаад байна. Цаана нь мянга гаран хүмүүс одоо найзын хүсэлт аваагүй байна. Тэгээд фоол \фолов\ нь болохоор арван долоон мянга хүрчхээд байна.
-Фолов уу?
-Тийм фолов.
-Өөрийн чинь зурагтай фэйсбүүк хаяг их байдаг юм билээ. Өөрөө биш байх гэж бодсон.
-Харин тийм. Хүн болгон тэгээд байгаа. Миний зургийг фэйсбүүкийнхээ нүүр зураг дээр тавьчихсан байдаг юм. Тийм фэйсбүүк хаяг үнэндээ бол гарын арван хуруунд багтахаар байна шүү дээ. Тэгээд энэ дашрамд хэлэхэд, миний нэрээр нээчихсэн пэйжүүд гараад ирчихсэн байхгүй юу. Би тийм пэйж нээгээгүй надад байхгүй юу. Би пэйж сайн мэдэхгүй. Пэйж ашиглаад байгаа нөхөд байна. Тэдэнд хандаж хэлэхэд би тэр биш шүү. Би пэйжгүй шүү гээд бас ард түмнээсээ бас гуйчихъя. Олон фэйс хаяг байхгүй, нэг л фэйс хаягтай шүү. Миний зөвшөөрөлгүй янз янз юм хийгээд байгаа нөхөд хандалт авах гэж тэгдэг юм уу яадаг юм. Тиймэрхүү л нөхөд тэгдэг байх. Тэгээд учраа мэдэхгүй бацаанууд бас тэгдэг юм уу гээд ойлгож байна.
-Д.Наранбаатар шүлэг их бичдэг. Урын сандаа хэчнээн шүлэгтэй вэ?
-Одоо миний урын санд яг цээжилсэн шүлгүүд бол нэг гуч гаран, цээжлээгүй шүлгүүд нэг дал гаран шүлэг байна.
Өөрөө бичсэн ч гэсэн тэр болгон цээжлэх боломж олддоггүй. Тэгээд тэр болгон унших боломж олддоггүй. Би зав чөлөөгөөрөө цээжлээд, зөв чөлөөгөөрөө ингээд ард түмэндээ хүргээд явдаг юм.
-Тэгэхээр шүлгээ бичээд л шууд пост оруулдаг гэсэн үг үү?
-Аан тийм. Шууд ингээд онгод нь орж ирсэн үедээ яг шүлгээ тэрлээд л бичээд шууд постлоод л оруулчихдаг байсан.
Тэр “Хилэн хар морь” чинь шууд малдаа явж байхдаа орж ирэнгүүт нь дуулаад л тэгээд л бас сошиалд оруулчихсан. Бас нэлээн явсан шүү дээ.
-Хэрхэн яаж уран бүтээлчидтэй хамтран ажиллаж эхлэв. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Дисант гээд залуу “Хүрээд ирээч ахын дүү, ах нь нэг уран бүтээл хийх гэсэн юм. Чамайг нэг оруулчихъя. Тав зургаан секундын л бичлэгт оруулна. Нэг их олон юманд оруулахгүй” гэхээр нь за гээд л очоод л уулзаад орохоор болсон. Тэр бол бас гоё болсон байна лээ. Бас тэр хүүхэлдэйн кинон дээр бас мөнхөрчихлөө. Бас гоё байна. Баярлалаа гэж бас хэлье.
Бас Дэрэмээ, Алагаа эд нар нэг санал тавиад л “Чи Хөвсгөлөөс хот руу хүрээд ирээч. Наабаа чамд сайхан энд нэг клип дээр тоглох боломж олгочихьё. Хүрээд ир манай бичлэгт л орчих ” гэхээр нь аан за болно оо гээд л тэгээд л ямар ч байсан ирээд тоглосон. Клип дээр хоёр удаа л гарч байсан байх. Эхний хэсэг дээр, бүжиг дээр нэг. Охидуудыг тоогоогүй гээд л мөрийг нь авч шидээд л тиймэрхүү байдлаар зурганд орсон.
-Д.Наранбаатарыг танихгүй хүн ховор болсон байх. Гадуур явахад танимхаарч байна уу?
-Хотод орж ирээд л ингээд гудамжаар явахаар л “өө манай Наабаа явж байна шүү дээ. Алдарт Наабаа фэйсийн од мод” гээд л тэгэх юм. Тэгэхдээ би фэйсийн од байлаа юу. Тэр од гэдэг чинь тэр тэнгэртээ л гялалздаг юм байгаа биз дээ. Би тийм од мод гэж өөрийгөө нэг их боддоггүй. Яг л эгэл малчин. Та нар шиг хийх ёстой ажлаа хийгээд л явдаг эгэл нэг малчин хөдөөгийн хүн гэж би ярьдаг байхгүй юу.
Зургаа авахуулъя гэсэн хүн болгонтой нь тэгье тэгье гээд л зургаа авахуулдаг. Яг байгаагаараа хүнд ийм их зан бол хэрэггүй шүү дээ. Яг л байгаагаараа өөрийнхөөрөө байх нь хамгаас чухал.
-Залуу хүний хувьд архи, тамхины хэрэглээг юу гэж боддог вэ? Д.Наранбаатар хэрэглэдэг үү?
-Ер нь архи тамхи бол амьдралын утга учрыг алдагдуулдаг л гэж боддог шүү дээ. Архи ялангуяа архи. Тамхи ч яах вэ энэ хүн бүхний хэрэгцээ болчихсон юм. Би яах вэ дээ, сардаа нэг удаа цохивол цохино тэрнээс бол нэг их уугаад байдаг хүн биш л дээ.
-Удахгүй гарах цомгийнхоо талаар сонирхуулаач?
-Одоо удахгүй найман дуутай цомог гаргах гээд байгаа юм. Тэр дотор ганц сонин содон зүйл гэвэл нэг хип хоп урсгал гарч ирсэн байгаа. Тэр бас ард түмэнд нэлээн хүрэх байх аа л гэж бодож байна шүү дээ.
-Өөрөө үглэж байгаа юм уу тэ?
-Тийм тийм, өөрөө үглээд үгийг нь зохиосон. Яг амьдралыг харуулсан. Яг тэр байгаа байдлыг яг нэг зах зээлийн нийгмийн үеийг яг харуулсан дуу болж гарч ирэх байх л гэж бодож байна. Ард түмэнд ч их сайн хүрэх байх гэж бодож байгаа.
-Д.Наранбаатарыг хотын охидыг тоогоогүй гээд байдаг юм. Энэ ямар учиртай юм бэ, үнэхээр тоогоогүй юм уу?
-Аан энэ би чинь урд нь хотын охинтой амьдарч байлаа. Тэгээд сайхан гэр бүл болоод сайхан хурим найрыг нь хийгээд аваачаад жил гаран амьдарлаа. Хүний амьдрал ч гэсэн эрээнтэй бараантай тийм ээ.
Тэгээд л идээшихгүй жилийн дотор хүний зан араншин нь танигдаад ирдэг юм байна. “Би идээшихгүй юм байна аа. Хот руугаа явж хотдоо амьдаръя. Төрж өссөн Улаанбаатартаа амьдаръя” гээд хот руугаа ирсэн. Би хотод ирж сар гаран цуг амьдарч үзлээ. Ажил төрөл хийгээд ингээд амьдрах гэж бас хичээсэн. Барилга дээр туслахаар ажиллаад л амьдарч үзсэн. Тэгтэл цалин мөнгөө өгдөггүй юм байна лээ. Заза би хотод идээшхгүй юм байна аа. Нутаг орондоо очиж малаа маллаад сайхан амьдаръя. Чи хотдоо амьдар гэсэн. Нөгөө охин маань “Хэрвээ чи үнэхээр надтай амьдрах гээд байгаа бол хотод мал хунараа зарж ирээд амьдарчих” гэнэ ээ. Тэгэхээр нь үгүй ээ би малчин, морины дэлэн дээр хийсч явсан монголоо гэсэн малч ухаанаа би хэзээ ч би мартахгүй. Би мал аж ахуйгаа хөгжүүлэхийн төлөө залуу малчдаа уриалахын төлөө би хөдөөнөө амьдарна гээд ингээд хоёр тийшээ болсон. Тэгээд ”Хотын дэгжин охидыг тоогоогүй явсан залуу нас” гээд тэрнээс үүдэлтэй уран бүтээл бас гаргасан. Тэр уран бүтээл олон түмэнд нэлээн хүрсэн.
Хотын охид заримдаа над руу чат бичдэг л дээ. Чи яагаад ингээд хотын охидыг тоодоггүй юм. Чи их үзэн яддаг нөхөр байна шүү гээд тэгдэг байхгүй юу. За тэгээд л хүний амьдрал эрээнтэй бараантай тэгээд тэр болгоныг би ингээд тайлбарлаад байх бас хэцүү гээд би тэгдэг юм. Аан заза л гэдэг юм.
Ийм учиртай юм. Хотын охидод хандаж хэлэхэд та нарыг үзэн ядаагүй шүү гэдийг энэ далимаар хэлье. Үнэхээр амьдаръя гэсэн сэтгэл байвал хаана ч амьдрал бий болно. Хаана ч амьдрал буцалж болно гэж боддог.
-Энэ яриа ийм учиртай байжээ. Удахгүй дахиад шинэ хайртай учраад аз жаргалтай амьдрах байлгүй дээ.
-Бас саяхан гангстеруудтай танилцаад нэг охинтой танилцсан юм. Нутаг дагуулаад явсан байсан. Сая ирэхдээ хамт ирсэн чинь буцаад явахгүй, хөдөө амьдарч чадахгүй гээд бас больчихлоо. Сэтгэл санаа жаахан хямарчхаад л байна. Хоёулаа ирчхээд хоёулаа дахиад буцах юм болов уу гэж бодсон. Үгүй байж, буруу бодож.
-Хотын охид хөдөөгийн амьдралд дасахгүй л байна даа. Тийм ээ?
-Тийм дасахгүй юм байна аа. Сайхан амьдаръя гэж бодоод хамт очоод ээж ахтайгаа танилцуулсан. Манай өвөөгийн ерэн насны ойд зориулсан бөхийн барилдаан болсон. Тэрэн дээр ах, эгч, хамаатан садантайгаа танилцуулчихлаа. Бас буруу юм болж. Түүхэн номонд бид хоёр зургаа авахуулаад оруулчихлаа. Бас буруу хүн оруулчихвуу гэж бас бодох юм аа. Одоо гэртээ хариад ээж, ах нартаа юу гэж хэлдэг юм байгаа юм. Аав маань өнгөрөөд арав гаран жил болж байгаа. Би чинь ээжийгээ л гэж бодож явдаг хүн шүү дээ.
Хүнийг гаднаас нь хараад хүнийг дүгнэх нь хомсхон байдаг юм шүү. Доторх сэтгэлийг нь өндөлзөөд харчих. Хүнийг би царай зүс тийм гоё нүд хөмсөгтэй, тийм гоё дэгжин охид байна гэж хүний гадна төрхийг нь хардаггүй. Би дотор мөн чанарыг нь дотоод тэр сэтгэлийг нь би уудалж хардаг. Тэрэндээ гол байдаг юм аа.
-Ээжийгээ л бодож явдаг гэлээ. Ээжийнхээ тухай яриач?
-Манай ээж чинь мундаг шүү дээ, мундаг хүн. Би ээжийгээ бурхан гэж боддог юм. Манай ээж ясны хавдар гээд аймшигт өвчинтэй хэвтэрт байдаг. Тэр өвчнийг сайхан эмчлүүлчих юмсан гэж бодох юм. Ижийгээ хараад ингээд шаналаад байхаар бас надад хэцүү байна. Энэ хорвоо дээр ижий гэдэг хүн байхгүй болбол энэ амьдрал утгагүй болно шүү дээ.
-Монголд эмчлэгдэх боломжгүй юм уу тэ?
-Тийм, Монголдоо эмчилж чаддаггүй л юм бол би гадаадад эмчлүүлье. Өдөр шөнөгүй би ээжийгээ бодох юм. Өдөр шөнөгүй ээжийгээ шаналахыг хараад би бас тэсэхгүй байна. Бас ард түмнээсээ тусламж хандив маягийн юм цуглуулаад гадаадад хэчнээн сая төгрөг байдаг юм. Тэрийг нь ард түмнээсээ, сошиал ертөнцөд намайг дэмждэг дэмжигчдээсээ тусламж хүсэж байгаад ч болов олоод ээжийгээ эмчлүүлье л гэж бодож байна. Тэр болгон би ингэж ярилцлага өгөөд яваад байх зав надад байхгүй. Би хөдөө малаа маллаад явчихдаг болохоороо тэр бүхнийг бас ард түмэн минь ойлгоорой гэж хүсье.
-Д.Наранбаатар угаас ийм намхан биетэй юу?
Эхээс төрөхдөө бэртэлтэй төрөөд тэгээд тойго нь мултараад эмчлүүлж чадахгүй явсаар байгаад өсөлт зогссон. Хорин таван нас гарсан хойно эмчлүүлсэн. Одоо өдий зэрэгтэй болчхоод байгаа нь энэ.
Намхан гээд их доромжлолууд ирдэг юмаа. Ийм жижигхэн, жижигхэн тайрдас, одой гээд. Яг үнэндээ би одой хүн биш. Одой хүн чинь метр 10, 20-той байдаг шүү дээ. Би чинь метр 45-тай байгаа. Намхан гээд байгаа хүмүүс өөрсдийнхөө дотоодыг өөрсдийнхөө бодлыг зөв харчих тэ. Тэгээд дараа нь юу хэлэхээ өөрсдөө бод.
Хотод ч гэсэн оркууд байна. Хөдөөд ч байна. Тэгээд аль аль нь монгол хүн. Нэг нэгийгээ хэмлээд яах вэ. Монгол хүн атгасан гар шиг гээд Чингис хаан хэлсэн биз дээ. Монгол хүн атгасан гар шиг ингээд бат бөх атган дотор байлгах хэрэгтэй. Өдий зэрэгтэй ингээд хөлөө эмчлүүлчихсэн, өдий зэрэгтэй явж байна гэдэг чинь болоо шүү дээ. Ийм бэртэл аваагүй байсан бол би өөрийгөө хөлхөгөр сайхан өндөр залуу, барилддаг сайхан залуу байх байсан гэж боддог юм.
-Д.Наранбаатарын амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
Би амьдрал дээр зөвхөн хоёр зүйлийг л баримталж явдаг. Амьдрал дээр үнэн, зөв үнэн л амьдар. Өөриинхөөрөө үнэн л амьдар. Өөрийнхөөрөө үнэн бай, хүний хайр хүндэтгэлийг хүлээж авч л амьдар гэж боддог.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Олон түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, шинэ ондоо ширээ дүүрэн бэлэгтэй, шижир их амжилт, өнөр өтгөн халуун ам бүлээрэй аз жаргалтай эрүүл энх амар амгалан байгаарай гэж ерөөе. Миний Монголын ард түмэн бүгдээрээ та нэгдмэл шүү. Ард түмэн минь та бүхэндээ шинэ оны халуун мэндийг хүргэе ээ.
-Ярилцсанд баярлалаа
Б.Мөнх-Эрдэнэ