АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй нүүр тулан уулзахаар болсныг Ройтерс агентлаг мэдээлэв.
Байден ийм уулзалт болох эсэх талаархи сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “харцгаая” гэсэн ганцхан үгээр хариулжээ.
Үүнээс өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн ерөнхийлөгчтэй бүтээлч, яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгдэж байв. Тэрбээр “Тэд маш бүтээлч, ажил хэрэгч, үзэл бодол эрс ялгаатай байгаа асуудлуудаа бие биедээ маш хүндэтгэлтэй илэрхийлдэг. Үнэн хэрэгтээ саналын зөрүүтэй байгаа нь харилцан хүндэтгэлгүй байх ёстой гэсэн үг биш шүү дээ" гэж хэлж байв.
Үүний зэрэгцээ Песков төрийн тэргүүнүүдийн уулзалт хийх боломжийн талаар "одоо болтол энэ тухай яригдаагүй байна" гэсэн хариултыг өгч байв. Ингэхдээ тэрээр хоёр ерөнхийлөгчийн яриа хэлэлцээ хийх нөхцөлийг нэрлэсэн. Түүний хэлснээр, юуны өмнө НАТО ОХУ-ын аюулгүй байдлын баталгааг хангах талаар хэлэлцээр хийх шаардлагатай байгааг онцолжээ.
ЧУХАЛ ҮЕ ШАТ
Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх Москва, Вашингтоны хэлэлцээр нэгдүгээр сарын 10-нд болно гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс 12-р сарын 28-ны мэдэгдсэн. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яам үүнтэй ижил огноог бас зарлав.
"Бид хэлэлцээрийн ширээний ард суухдаа мэдээжийн хэрэг, өөрсдийн санаа зовоосон асуудлуудаа илэрхийлэх болно. Оросууд ч тэгнэ гэж би бодож байна "гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ. Тэрбээр цааш нь "АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ асуудлыг тэдний оролцоогүйгээр хэлэлцэх бодолгүй байна. Яриа хэлэлцээрийн явцад бидний ахиц дэвшил гаргах боломжтой салбарууд байх болно, мөн санал нийлэхгүй зүйл ч бас байх нь тодорхой. Энэ бол дипломат харилцааны мөн чанар юм "гэж тэр нэмж хэлэв.
Үүний зэрэгцээ Прайс Оросын аюулгүй байдлын хэд хэдэн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэрлэжээ. Түүний хэлснээр, тэдний зарим санаачилгыг Вашингтон болон Европын холбоотнууд хүлээж авах боломжгүй гэдгийг Орос сайн мэдэж байгаа гэв.
12-р сарын 17-нд Оросын ГХЯ НАТО болон АНУ-тай аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээрийн төслийг зарласан юм. Баримт бичгүүдэд Москваг дайсан гэж үзэхгүй байх, цэргийн хурцадмал байдал үүсэх аюулыг бий болгохгүй байх, НАТО-г зүүн тийш тэлэх ажиллагаанаас татгалзахыг уриалсан байна. Орос мөн Умард Атлантын эвслийн гишүүн орнуудад Украиныг тус байгууллагад оруулахгүй байхыг санал болгожээ.
СААД ТОТГОР
Ирэх нэгдүгээр сард болох яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь НАТО Украиныг бүрэлдэхүүндээ оруулахаас татгалзах явдал байж магадгүй юм. Гэвч энэ асуудал Украинд огтхон ч таалагдахгүй. Аюулгүй байдлын баталгааны талаархи Оросын саналыг батлах, ялангуяа зүүн хилийн шинэ гишүүдийг НАТО-д оруулах санааг үгүйсгэх нь зөвхөн АНУ-ыг төдийгүй Хойд Атлантын бүх холбоотны хувьд маш их доромжлол болно гэж Киев үзэж байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба НАТО Москвагийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нөхцөл байдлыг төсөөлөхийн аргагүй гэж тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ энэ баримтыг сайн мэдэж байгаа тул удахгүй болох аюулгүй байдлын яриа хэлэлцээнд зориудаар анхаарал хандуулж байна гэж дипломатч хэлэв.
Үүнээс өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ хийхдээ Киевийн ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалсан юм. Түүний хэлснээр, ийм гэрээ байгуулахдаа талууд НАТО-гийн Европын түншүүд, тэр дундаа Украинтай зөвшилцөх ёстой. Үүний зэрэгцээ Столтенберг тус холбоо Оросын талтай итгэлцлийг бий болгохын төлөө ажиллахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: Лента.ру