УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч талаас тавьсан таван саналыг мөн дэмжиж байна.
Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна. Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.
Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар зөрчиж байна. Иргэдийн тавьсан саналын дагуу бид УИХ-ын чуулган дээр сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ саналыг дэмжин 37 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү сонсголыг Хууль зүйн байнгын хороонд явуулах санал гараад дэмжигдсэн. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Шинэ жилийн баярын уур амьсгал орсон нөхцөлд яриад өнгөрсөн нэр төдий зүйл болох гээд байна. Тийм учраас энэхүү сонсголыг хойшлуулан он гаргаад ярилцах санал гаргасан ч дэмжигдээгүй" гэсэн юм.