ОХУ орон нутгийн хуулиар хориглосон агуулга бүхий контентыг устгаагүйн улмаас технологийн акулууд Google болон Мета компанид их хэмжээний торгууль ногдууллаа.
Тодруулбал, интернэтийн компаниудад дарамт шахалт үзүүлснээр Google компанийг бараг 100 сая ам.доллар, Фэйсбүүкийн толгой компани Мета-г 27 сая ам.доллараар торгожээ. ОХУ-ын эрх баригчид хар тамхи, зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой контентыг бүрэн устгаагүй гэж буруутгаж байгаа юм.
Энэ оны эхээр эрх баригчид Кремлийн шоронд хоригдож байгаа шүүмжлэгч Алексей Навальныг дэмжсэн зөвшөөрөлгүй жагсаалын тухай мэдэгдлийг устгаагүй гэж технологийн компаниудыг шүүмжилж, Оросын шүүхүүд өмнө нь Google, Фэйсбүүк, Твиттерт бага хэмжээний торгууль ногдуулж байсан.
Түүнчлэн Оросын эрх баригчид гадаадын технологийн компаниудаас Оросын иргэдийн хувийн мэдээллийг Орос дахь серверт хадгалахыг шаардаж, хэрэв дагаж мөрдөхгүй бол торгууль ногдуулна, эсвэл хориглоно гэж сүрдүүлсэн аж.
“Их хэмжээний торгууль ногдуулах нь мэдээллийн технологийн бүх компаниудад тодорхой мессеж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ-ын парламентын доод танхимын мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейн мэдэгджээ.