Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэж. Улс төрөөс уйддаггүй, явдаггүй хүн гэвэл Н.Энхбаяр.Тэрбээр тодордоггүй, тойргоос гардаггүй МАХН-аа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай нэгтгэснээр улс төрийн хожил авах эрхээ баталгаажуулж амжаад байгаа.
Хүү Н.Батшугараа Сонгинохайрханы нөхөн сонгуульд дэвшүүлж УИХ-д оруулж аяганы хариугаа авав. Үүгээр тэр сэтгэл ханах хүн биш. Олон нийтэд тодорхой байгаа мэдээллээр тэр Засгийн газарт Шадар сайдын суудлыг онилж байгаа гэх. Чухамдаа Засгийн газрын өөрчлөлтийг хүлээсэн гэлтэй түүнд санал болгосон ҮАБЗ-ийн дэргэдэх стратеги судлалын хүрээлэнгийн захирлын албыг үл ойшоосон.
Нэгэн цагт хөлөөгозгонуулж, шоронд өлсгөлөн зарлаж явсан энэ хүний сэргэн мандлын эрин эргэж ирснийг нь илтгэх улс төрийн “урвал”-ууд МАН дотор явагдаж байгаа гэх.
Саяхан болсон МАН-ын 30 дугаар Их хурлын дараа байгуулагдсан намын удирдах зөвлөлд тэр МАХН-ын угшилтай 7 хүнээ оруулж чадсан. Үргэлжлүүлээд одоо Засгийн газрын гишүүдэд давхар дээл өмсгөх опериацид тэр идэвхтэй, том тооцоотой оролцож байгаа нь тодорхой. Ямар ч цаг үед өөрт нь үнэнч зүтгэсэн Б.Тулгаа байгаль орчны сайдад зүтгүүлж буй. Түүний хараанд өртөж, хамаг аппетитыг нь хөдөлгөж байгаа бас нэг газар бол ХХААХҮ-ийн яам. Их мөнгө эргэлддэг гэсэн утгаараа ийнхүү хайрыг нь татаж буй гэх.
Холын юмыг одооноос буюу Н.Энхбаярын төлөвлөгөөний “Б” хувилбар
Харин өөрөө энэ дүйвээнээр ямар хожил гаргахав гэдэг дээр тэр хэд хэдэн хувилбартай байж мэдэх юм. Мэдээж “А” хувилбар нь өөрөө Шадар сайд болох. Бас БОЯ, ХХААХҮЯ-ны сайдаар өөрийн хүнийг томилуулах. Гэвч сайдын суудал цөөн, горилогчид дэндүү олон. Тийм болохоор хүсэхэд хясахын зовлонг тэр гашуунаар мэдэрч байж таарна.
Дээр хэлсэнчлэн эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдагийн жишээгээр Н.Энхбаярын нөөц төлөвлөгөө буюу “Б” хувилбарт хүүгээ давхар дээл өмсгөчих эцгийн далд санаа бас байхыг үгүйсгэхгүй. Улс төрд боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Гэхдээ энэ удаад тэгж аз хийморийн од гүйхгүй нь бараг тодорхой. Гэвч энэ санаагаа дарга нарынхаа чихэнд шивнэчихсэн байхад хожим хойно хэрэг болно. Холын юмыг одооноос.
“Фракцуудын цоохор баг” буюу Л.Оюун-Эрдэнийн шинээр бүрдэх танхим
Л.Оюун-Эрдэнийн хувьд үлдэж буй гурван жилд Засгаа тогтвортой ажиллуулах нэг боломж нь одоо шинээр эмхлэгдэх танхимдаа намынхаа нөлөө бүхий фракцуудын төлөөллийн оролцоог хангах явдал. Саяхны Бага хурал, Удирдах зөвлөлөөс жийгдсэн хууччуулын фракц бүлгийн төлөөлөл ч ороод ирэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Хотын болон Сү.Батболдын фракцаас. Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг танхимдаа урьж байсныг эргэн саная. Тэр анхны саналаас татгалзсан ч хоёр дахиа бол үгүй гэж хэлнэ гэж үү. Түүний хувьд хотын фракц тэр дундаа М.Энхболдыг МАН-ын “хаан” байх үед намын гал тогоог барьж байсан хүн. Уг нь Ж.Мөнхбатыг шинээр эмхлэгдэх танхимд Шадар сайдад хамгийн магадлалтай гэж яригдаж байгаа юм.
Гацчихаад байгаа гадаад харилцааг Ц.Мөнх-Оргилд өгнө гэсэн нээлттэй хувилбар бий. Туршлага, мэдлэг боловсрол талаас нь харвал энэ бол гарцаагүй номер нэг сонголт. Түүнийг Сү.Батболдын фракцад харъялуулдаг шиг санагдаж байна.
Энэ мэтчлэн давхар дээл өмсгөж дахин төвхнүүлэх гэж байгаа Л.Оюун-Эрдэнийн танхим үндсэндээ МАН-ын доторх фракцуудын цоохор баг бүрдэх магадлал өндөр байна. Гэхдээ хэний хэн бэ гэхээсээ илүүтэй хариуцсан ажлаа хар толгойгоороо хариуцаж, улс орны эрх ашиг гэсэн сэтгэлтэй хүн л үгүйлэгдэж байна даа.
Г.Хан