ЕРӨНХИЙЛӨГЧ
Эрүүлийг хамгаалахын салбарынхан 100 жилийн ойгоороо төрдөө үнсүүллээ
Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:
-Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн П.Нямдаваа;
-Тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануарын Нота;
Ардын эмч цолоор:
-“Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч, гавьяат эмч Моломын Алтанхүү;
-Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, гавьяат эмч Рамишийн Асай;
-Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн;
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэн;
Ардын багш цолоор:
-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам;
-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж;
Мөн тухайн салбараас гавьяат цолтон болон олон хүн төрийн дээд одон медиалаар шагнагдсан юм.
УЛСЫН ИХ ХУРАЛ
УИХ: Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэв
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж, санал хурааснаар олонх нь "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.
Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.
Үүнд,
-Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
-2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
-Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
-Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
-Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Цар тахлын хуулийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар Цар тахлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.дөрөв дэх улаагаа сунгах асуудал ийнхүү дэмжигдээд байгаа юм.
Сануулахад, Цар тахлын тухай хуулийг анх 2020 оны 4 дүгээр сард тухайн он дуустал хэрэгжихээр түр хууль баталж байсан ч одоо дөрөв дэх удаагаа сунгахаар ийнхүү дэмжигдээд байгаа нь энэ.
32 хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэхчлэн 32 хууль багтаж байна.
ЗАСГИЙН ГАЗАР
Засгийн газрын ээлжит хуралдаан арванхоёрдугар сарын 22-нд болж, доорхи асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
-Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
-“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл зэрэг 34 асуудал хэлэлцэв.
Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр:
-Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбоотой түүний дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл батлагдсан. Тогтоолын төсөл нь ирэх оны төсвийг үйл ажиллагааг илүү чанаржуулах урьдчилсан чиглэл өгч байгаа юм. Тус тогтоол найман хэсгээс бүрдсэн.
-Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний зардлын шинэчлэл, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлнэ.
-Мөн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар нарийвчлан чиглэл өглөө гэв.
-Мөн Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн том шинэчлэлүүд гарсан.
-Ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-г дэмжих гурван хувийн зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ.
-Ковидын хуулийг зургаан сараар сунгахаар болж байна. Зөвхөн хуулийг нь сунгая гэж байгаа.
-Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа гэв. Өөрөөр хэлбэл ипотедийн зээлийн эргэн төлөлтийг . сараар сунгахаар болж байна.
Гадаадаас ирж буй бүх иргэнийг гурван хоног тусгаарлана
Мөн өдрийн Засгийн газрын хуралдаанаар, ЭМЯ, ХӨСҮТ-өөс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчлан зохион байгуулахыг УОК-т даалгалаа. Өөрөөр хэлбэл гаднын 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол цаашид гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргалаа.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Мөн төрийн золголтыг дахин хийхгүй байх, иргэдийн хувьд цомхон хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг УОК-т өгөв.
Айл өрхийн цахилгааны төлбөрийг 2022 оны эхнээс төрөөс хариуцна
Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр: “2022 онд орон сууцны айлуудын цахилгааныг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл хөнгөлөх асуудлыг Засгийн газрын хэмжээнд ярьж байгаа. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас аж ахуйн нэгж болон айл өрхийн тог, цахилгааны зардлыг даахад 800 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх онд зөвхөн айл өрхийн тог цахилгааны төлбөрийг хөнгөлбөл ойролцоогоор 75 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлөх боломжтой гэж үзэж байгаа” гэв.
Иймд 2022 оны эхнээс зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх эсэхийг Засгийн газар ирэх долоо хоногт эцэслэн шийдэх аж.
ЗГ:Шинэ сэргэлтийн бодлого батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.