
Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Улсын начин Э.Энхбат бурхны орноо залраад буй. Уг харамсалтай мэдээтэй холбоотойгоор Улсын арслан Э.Оюунболд гүн эмгэнэл илэрхийлэн Э.Энхбат агсны гурван хүүхдийн нэгийнх нь сургалтын төлбөрийг хариуцах тухайгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна.
Энэ тухайгаа тэрбээр "Булган аймгийн Могод сумын харьяат Монгол улсын Манлай Начин Эрдэнэбилэгийн Энхбат ахынхаа аав ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, төрөл төрөгсөд, үзэгч олон түмэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эцэг хүний хувьд 3 хүүхдийнх нь нэгийг дуртай мэргэжлээ эзэмшиж амьдралд хөл тавихад нь жоохон ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж манай гэр бүлийн зүгээс оюутны сургалтын төлбөрийг нь төлж байх болно. Начин ахын минь биелүүлж амжаагүй хүсэлт, хийхийг хүссэн зүйлийнх нь нэг мөн байх аа гэж найдаж байна.
Эх орон элгэн садандаа эргээд хүү нь болж төрөөрэй. Ум сайн амгалан болтугай." гэжээ.
