Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодруулсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаарын ачаалал хэр байна вэ?
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 онд 109.102, сүүлийн долоо хоногт 1086 иргэн хандаж, мэдээлэл авлаа. Дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.40 минут байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар сараас 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлсэн.
-1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээлэл байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан захирамжийн дагуу 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг багасгахад бодит үр дүн гарна.
-Энэ шийдвэрийг ямар судалгаанд үндэслэж гаргасан бэ?
-Шийдвэр гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хуулийн дагуу шуурхай шийдэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий зөвлөл байгуулсан.
-Хүнд суртал, чирэгдлийг багасгахад иргэдийн оролцоо ямар байх вэ?
-Эдгээр асуудлаар жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан санал, хүсэлт, гомдол, мэдээллээ зөвлөлд гаргах боломжтой. Зөвлөл нь жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авч, судлаад, шуурхай шийдэхээс гадна жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөмж боловсруулна. Мөн зөрчил хийдлийг арилгах талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах юм.