Л.Оюун-Эрдэнийн танхимд ажил хийж байгаа сайд нарыг нэрлэ гэвэл гарын таван хуруунд элбэгхэн багтана.
Бусад нь зүгээр аргацааж, цаг нөгцөөгчид. Ямар сайндаа л хэвлэл мэдээллээр “Ёндон сайд аа, ёсыг бодож ажлаа хийгээч” гэж бичиж байхав. Ганц Ёндон ч биш, бүгд адилдаа адил, годилдоо годил гэдэг шиг.
Шаварт унасан шарын эзэн гэгчээр Ерөнхий сайд л танхимынхаа сайд нарын ажлыг өмнөөс нь хийж яваа харагддаг. Замын-Үүдэд ачаа тээвэр зохицуулах, Гашуунсухайтад нүүрсний экспортыг жигдрүүлэх, эсвэл шахмал түлш гээд гүйж байгаа харагддаг.
Эдийн засаг хүндэрсэн ийм цаг үеэр амьгүй албат шиг сайдуудтай Засгийн газар урагш нэг, хойш хоёр алхахаас хэтрэхгүй. Тэгээд ч давхар дээлийн далбаан дор явахаа мэдэж байгаа сайд нар бол бүр ч юм хийхгүй, харин үлдсэн цаг хугацаанд өөртөө болон өөр хэн нэгэн сайн найздаа ямар боломж гаргахав гэдгээ л тооцно. ЗТХ-ийн сайд Л.Халтарыг хамаарал бүхий компанидаа сардаа 300 сая төгрөгийн орлого олох боломж олгосон тухай хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллээр шуураад өнгөрсөн. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг хэзээ мөдгүй албаа өгөх гэж байгаа сайд нарт улсын ажлыг найдаж даатгана гэдэг ерөнхий утгаараа чононд мах хадгалуулахтай адил.
Энэ хэрээр улс орны эрх ашиг хохирч, шийдэл, ажил хэрэг орхигдож байна. Тиймээс явах нь эртхэн шиг яваад ирэх нь түргэхэн ирээсэй гэх хүлээлт нийгэмд хэдийнэ бий болчихоод байгаа юм.
Давхар дээлийн асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн ҮХЦ-д гарга сан гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Нэгэнт бэлдчихсэн сценари учир ҮХЦ шийдвэрээ “захиалгын” дагуу гаргана, түүнийг нь УИХ хүлээж авна. Үүний дараа гишүүдэд давхар дээл өмсгөх ажиллагаа эхэлнэ. Бүх зүйл энэчлэн тодорхой байгаа учир түргэхэн шиг шийдээд улсынхаа ажлыг бодох цаг болчихоод байна.
Ес эхэлж, жавар тачигнаж, цас мөс, өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Малын халдварт өвчин хангай, говь хаа сайгүй дэлгэрчихээд байна. Хамаг хил хаалттай, ордог гардаг юм үгүй шахам болсон. Хажуугаар нь халдварын тоо тууштай буурахгүй, Омикрон хэмээх омог Монголд дэгдэх нь цаг хугацааны асуудал болсон.
Инфляци зорилтот түвшнээс хэдийнэ давж, хоёр оронтой тоо руу хальтрав. Үнийн өсөлтөд иргэд үнэхээр туйлдаж байна. Ядуурал бодит утгаара хавтгайрч байна.
Засгийн газар байсхийж байгаад л “Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний тухай хэлэлцдэг ч хэрэгжиж байгаа бодлого, гарч байгаа үр дүн гэж алга. Үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ чинь гарт баригдаж, нүдэнд өртөхгүй байна, Ерөнхий сайд аа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ахмадууд өлбөрч үхэхэд тун ойрхон байна” гэсэн нь огт хэтрүүлэг биш. Иргэдээ ийм байдалд хүртэл нь туйлдуулж байгаа энэ Засгийн газар бүрэн бүхэлдэхүүнээрээ биш юмаа гэхэд дан дээлтнүүдээ түргэхэн явуулж, танхимаа төвхнүүл. Тэгээд Ерөнхий сайд та тэнгэрийн юм биш, газрынхаа амьдралыг хар, бас ярь.
Г.Учрал