Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж тус хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийхээр прокуроорт буцаасан. Шүүх хурлын дараа Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд Н.Түвшинбаяр 3 тэрбум орчим төгрөг өгөөд байгаа, цаашид ч өгнө” гэх мэдээлэл өгсөн.
Уг асуудлаар хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбалаас тодруулахад “Хохирогч Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт урт хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Н.Түвшинбаярын өгсөн 3 тэрбум төгрөг нь 100 хувь эмчилгээний төлбөрт зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл, шууд эмнэлгийн данс руу шилжүүлж байсан, хохирогчийн ар гэрт бол өгсөн мөнгө төгрөг байхгүй.
Харин эмчилгээний зардлын үлдэгдэл 400 орчим сая төгрөг болсныг Э.Энхбатын ар гэрийнхэн төлж барагдуулсан. Мөн түүний ар гэрийнхэн Солонгост найман сар орчим болоход зарцуулсан байр, хоол хүнс гэгчлэн зардлууд гарсныг шүүх хурлын үеэр хэлэлцэнэ” гэсэн юм.