Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.
10 жил яригдсан Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах соёрхлыг баталснаар цаашид ямар ч цаг үед бараа таваарын татан авалт саадгүй явагдах мөн эдийн засагт өндөр ач холбогдол өгөх юм. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсанаар хоёр хөрш улстай худалдаа, эдийн засгийн коридор байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах, улмаар ЕвроАзийн бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, урт хугацаанд шинэ дэвшилтэт технологи нутагшуулах боломж бүрдэнэ" гэв.
Замын-Үүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Замын-үүд боомттой зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулах бөгөөд түр суурьшлын бүс болж, багахан хот байгуулагдах юм. Худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистик, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулна.